Хөгжмийн зохиолч, “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин  Б.Чинбат энэ оны Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр  БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. “Sweetymotion” хамтлагийн дуучин, гэргий Ц.Сарнай нь түүний донор болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэдний бие сайжирч байгаа тухайгаа дуучин Ц.Сарнай facebook хуудастаа нийтэлсэн байна.

Ц.САРНАЙ: “Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэнд. Бид хоёрын бие сайжраад сайхан болж байна. Бид хоёрыгоо сэтгэл санаа, хайр энэрэлээр тэтгэж дэмнэж байсан бүх хайртай гэр бүлийнхэн, анд найз, ах эгч, дүү нартаа баярлалаа.

Энэ том хагалгааны дараа бид хоёртоо дэлхийн өнцөг булан бүрээс илгээсээр байгаа тэр их хайр, сэтгэлийн гүнээс хайрласан сайхан үгс бүр нь бидэнд ямар их урам зориг, сэтгэлийн хүч өгч чадаж байгааг биеэрээ мэдрэн сууна.

Сайхан монгол ахан дүүстээ Чинбаа бид хоёр нь гүнээ талархаж байнаа.
Та нар минь бие биедээ үргэлж сайхан үгсийг харамгүй хэлж, хайраа харамгүй түгээж, сайхан зүйлсийг бодож байгаарай.
Ер нь биеэ байнга шинжлүүлж, сайхан эрүүл хоол хүнсийг хэрэглэж, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах нь эрүүл байхын үндэс юм шүү. 


Энэ зурагны тайлбар болгож сонин дуулгахад, Манай энэ эмнэлгийн дарга нь тусгай өвчтөнүүддээ үндэснийхээ загвартай орчин үеийн дээл зориулж оюулж бэлэглэдэг юм байна. Монголын урлагийн сайхан хүмүүс ирж эмчлүүлж байгаад баярлалаа гээд бид хоёрт ийм гоё дээл хийлгэж бэлэглэсэн чинь их сайхан санагдсан” гэжээ.

 

Ц.Сарнайд бэлэглэсэн дээл