Өвлийн тасхийм хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа энэ үед ханиад, томууны дэгдэлт ихсэж байна. Шинэ оноо угтах гээд нялх балчираас эхлээд томчууд хүртэл ёолк тэмдэглээд тун чиг завгүй гүйсэн сар дундаа оржээ. Идэр ес эхлэх гээд ид хүйтний эрч чангарч байгаа энэ цагт шинэ жилийн баярын бэлгээ өвлийн өвөөгөөс хүүхэд бүр аван хөөрцөглөж буй. Тэгвэл бяцхан үрсдээ эцэг эхчүүд эрхлүүлэх нэрийн дор "чимээгүй хор"-оор хорлож, тэдний эрүүл мэндийг сүйтгэж байна гээд хэлчихэд буруутахгүй болжээ.

-Чихэр хүүхдийг өлсөх мэдрэмжгүй болгодог-

Бидний ээж, аавуудын үед иддэг байсан чихэр өдгөө үгүй болж өнгө зүс гоё сайхан баглаа боодлын цаана нуугдсан "хор" болж хувирсан. Наад захын жишээ гэхэд ханиад хүрчихсэн байгаа хүүхдэд чихэр өгснөөр улам хүндрүүлж, эдгэх явцыг нь удаашруулж байгаа гэдгийг хүүхдийн эмч нар анхааруулж байна. Хүүхэд уураг, амин дэмийг өдөртөө авах ёстой байдаг гэтэл энэхүү нормоо авч чадахгүйд чихэр, хэт чихэрлэг зүйлс хоол биш хор болгож байгааг хэдийнээ ойлгох цаг иржээ.

Шинэ жилийн хүүхдийн бэлгэнд голдуу чихэр, ундаа, чипс, иштэй чихэр гээд сахар агуулсан бүтээгдэхүүнүүд ихээхэн байдаг. Уг нь хүүхдүүдийнхээ насанд тохирсон зүйл дээрээ багахан хэмжээний чихэр хийгээд өгөхөд буруутах зүйлгүй. 

Чихэр хэрэглэдэг хүүхдүүд өлсөх мэдрэмжгүй болчихдог. Эргээд өвчинд өртөмтгий, сульдаа, дархлааны систем амархан сулардаг гээд олон муу зүйлсийг дагуулдаг байна. Ханиад хүрсэн хүүхдэд чихэрийг хориглох хэрэгтэй. Чихэр улам хүндрүүлдэг аж. Чихэрэнд хүний биед хэрэгтэй ганц ч зүйл байхгүй гэнэ. Иймд хүүхдийн эмч нар ханиад хүрсэн өдрөөс эхлээд шууд чихэрлэг зүйлсийг хориглох хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

-Шүдний өвчин нь маш олон өвчний суурь болдог гэдгийг та мэдэх үү-

Шүд амны өвчлөл нь 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог ажээ. Хүүхдийн шүдний цооролт чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл шүдний өвчлөл 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог юм байна. 2019 оны тавдугаар сарын байдлаар 5-6 насанд 87.3-96.2 хувь, 12 насанд 65.3 хувь, 18 насанд 67.5 хувьтай байна.

Шүд цоорох шалтгаан чихэрлэг зөөлөн хоол хүнс, төрөл бүрийн ундааны хэрэглээ ихэссэнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Иймд өгөрсөн сараас эхэлж орон даяар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөр нь 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд 02-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулж эхэлсэн байгаа. Учир нь бага насны хүүхдийн шүдний өвчлөл ихэссэнтэй холбоотой. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн ч мөн адил хүүхдийнхээ эрүүл мэндийг бодолцож бэлгээ сонгох нь чухал. 

 

-Хийжүүлсэн ундаа, чипс, резинэн чихэр хорт хавдар үүсгэдэг-

Хийжүүлсэн ундаануудад агуулагдах  кофеин нь нойргүйдлийг үүсгэдэг. Тухайлбал, хүүхэд 2 аяга ундаа уухад л нойронд нь нөлөөлж,нойргүйдэл үүснэ. Мөн яснаас эрдэс бодисуудыг их хэмжээгээр ялгаруулснаар яс сийрэгжих өвчинд хүргэж улмаар яс хугарамтгай болдог.

Хамгийн аюултай нь кофеинд амархан дасал болдог бөгөөд сэргээшийн бодистой ижил үйлчилгээ үзүүлдэг тул дахин дахин хэрэглэх донтой болгодог байна. Хийжүүлсэн ундаа нь амны цангааг тайлахгүйгээр үл барам түүнд синтетик сахар орлуулагч ихээр агуулагддаг тул  улам цангуулж, ихээр уух хүслийг бий болгодог байна. Түүнийг их хэмжээгээр хэрэглэснээр мэдрэл сэтгэхүйд нөлөөлөх өндөр магадлалтай. Бензоат натрия гэх консервант өөх тос, нүүрс усыг задалдаг ферментийг задалснаар өөх тос, нүүрс усаа задалж чадахүйд хүрч улмаар өөх тос, нүүрс биед хуримтлагдаж биеийн жин нэмэгдэж, таргална. Иймд хийжүүлсэн ундааг аль болохоор бага хэрэглэх, болж өгвөл огт хэрэглэхгүй байх, харин оронд нь сүү,цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнэ, жимсний цэвэр шүүсийг гэртээ бэлтгэж хэрэглэдэг дадалтай болох нь таны эрүүл мэндэд нэн тустай гэдгийг хоол судлаачид анхааруулж байна.

Байгалийн хүнснээс гаргаж авсан будаг тэжээллэг, хүний эрүүл мэндэд тустай. Гэвч чиний амтархан идэх дуртай гадуураа чихрэн бүрхүүлтэй резинэн чихрийн орцод харамсалтай нь энэхүү тэжээллэг будаг ордоггүй. Өөрөөр хэлбэл, жинхэнэ байгалийн хүнснээс гаргаж авсан будаг биш, химийн аргаар гаргаж авсан өнгө, жимсний амт оруулагч ашиглан хийдэг ажээ. Байгалийн бус аргаар гаргаж авсан будаг, амт оруулагч ямар хортой вэ гэж гайхшран суугаа бол шүднээс эхлээд бүх л биед чинь өвчин үүсэх гол шалтгаан болно гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Чипсийг хийхдээ крахмал хэрэглэдэг нь элгэнд маш муу. Учир нь крахмалыг элэг маань глюкоз болгож хуримтлуулдаг учраас өөхлөх эрсдэл дагуулж байгаа юм. Гурил, крахмал дээр олон янзын синтетик нэмэлтүүд хийгээд өндөр хэмд, хямдхан тосонд шарж болгодог. Хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргахын тулд хямд тос сонгодог нь гол аюул болж байна. Мөн чипсийг 30 секундээс илүү хугацаагаар шарж болдоггүй стандарттай. Илүү удаан шарж орхивол холестерин үүсгэх хортой өөх тос хуримтална. Холестерин бол хамаг өвчний суурь. Гэтэл чипсний 1/3 нь өөх тос шүү дээ. Амтанд нь хүүхдүүд бүү хэл томчууд ч татагддаг учраас үйлдвэрлэгчид амт сайжруулагч элдэв бодис нэмж, улмаар чипсний хорыг нэмэгдүүлсээр байдаг гэнэ.

Иймд хүүхдийнхээ бэлгэнд эрүүл мэндийг нь дэмжсэн зөв зохистой бэлгийг бэлтгэнэ гэдэгт найдаж байна.