Ер нь аливаа спортод хэр нь хэтэрсэн ардчилал зохимжгүй юм. Тэр дотор манай үндэсний бөхийн хувьд уламжлалт ёс гээгдэж хэн нэгний дур зоргоор асуудал шийдэгддэг бөхийн цолны эрэмбэ самуурсан, ёс зүйн гажуудал газар авчээ.

Хувь бөхийн хувьд яг үнэнийг хэлэхэд амь тээсэн, ядуу барилдаан ихсэв. Бөхчүүд жин нэмэх, хүчний бэлтгэл л голчлохоос биш ур чадвараа нэмэгдүүлэхийг бүр мартсан байна. Тиймээс уран мэх байхгүй болж өмсөх, дүүгүүрдэх, өхийлдөх, тонгорох зэрэг гоё мэх ховордож аягүй бол ийм мэх байсан юм гэж нэр ус нь түүхэнд л үлдэхээр болсон санагдана.

 

Улсын арслан Ц.Бадамсэрээжид гуай нэгэн ярилцлагадаа “Одоогийн бөхчүүдийн барилдааны ур чадвар их доройтож гараа, дэвээ шавааг оромддог болсон харагдана. Давсан бөх боорцог авахдаа нэг хөлөө нугалж суугаад далбаан дээрээ тосч авдаг ёстой.Гэтэл өнөөгийн бөхчүүд дуртай, дургүйхэн тонгойж гар сарвайж аваад зүг чиггүй хэнд ч хамаагүй шидэж өгчихөөд явчихаж байх юм” гэлээ.

Миний мэдэх Ш.Батсуурь аварга шиг засуул дээрээ тогтож ядан хараад баймаар дэвдэг. Ч.Бээжин аварга шиг бас гоё гардаг, бариа зөрөөн дээр хөл, гарын мэх нь зэрэг орж ирдэг тийм бөх харагдахгүй л юм даа. Ц.Бадамсэрээжид арслангийн даацтай хийдэг сээрэн дунгуй мэхийг нэг ч бөх хийдэггүй. Бас хорьсон хориогүй ч өмсөх мэхийг хэнд ч хийдэг заан Р.Дамдиндоржийг бидний үеийнхэн мэднэ дээ. Зундуй гэж бас сайн өмсдөг заан байв даа. За яахав. Аварга Н.Батсуурь хааяа өмсөх мэхийг аятайхан хийх юм билээ. Улсын харцага Б.Бат-Өлзий өхийлдөх мэхэндээ сүрхий гаршиж байх шиг. Улсын аварга Г.Эрхэмбаярын дунгуйлдаж татах мэхийг улсын начин Д. Амарсайхан, Э.Орхонбаяр нар давгүй хийж байна. Ер нь мэхгүй бөхийн барилдааныг харахад залхуутай гэж. Тийм бөхийг бушуухан унаад өгөөсэй л гэж бодох.

Сүүлийн үед бөхчүүд бай, шагналын их багаас хамаарч зодоглодог болж дээ. Нэгэнт улсын өндөр цол хүртсэн бөхчүүд болж буй барилдаануудад зодоглох нь үүрэг байх учиртай. Гэтэл зарим аваргууд тэр дотор Ч.Санжаадамба, арслан Ц.Содномдорж нарын томчуул үзэгчиддээ харагдмаар, барилдмаар байгаа юм. Гэтэл барилдах эсэх нь миний эрх гэсэн янзтай харагддаг. Энэ бол эрхээ эдэлж байгаа хэрэг биш юм шүү. Засуул, гарын даа нарын шаардлагыг хүлээж авдаггүйчүүд ч бий. Тэдэнд тухайн цагт нь хариуцлага тооцож байя.

 

Хан-Уул дүүргийн иргэн, бөх сонирхогч Д.ДЭМБЭРЭЛ