Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төсөлд сонгуулийн санал авах өдрийг VI сарын 24-ний өдөр байхаар заасан байсан бөгөөд сонгуулийн санал авах өдрийг VI сарын 24-нд гэж тогтлоо.

Монгол Улсын онцгой комисс яг одоо хуралдаж Цагаан сарын үеэр болдог Төрийн золголт, нутгийн зон олон, байгууллагууд, олноороо Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна.

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах юм. Бид энэ талаарх мэдээллийг хүргэх болно.

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусээс урьдчилан сэргийлж 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй гээд үзвэр үйлчилгээний газрууд болон Бөхийн өргөө, Буянт-Ухаа цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ.

Нийгэм: Зах худалдааны төвүүдийг ХААХГҮЙ

Шинэ төрлийн титэм вирус болох 2019-nCoV хүнээс хүнд халдварлах чадвар нь улам хурдацтай нэмэгдэж байгаа дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Манай улсад одоогоор титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Зах, худалдааны төвүүд зэрэг олны хөл хөдөлгөөн ихтэй газрууд ариутгал, халдваргүйжилтийг сайтар хангаж ажиллах ёстой. Хэрэв нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд зах худалдааны төвүүдийг хаах хүртэл арга хэмжээ авна" гэсэн юм.

"Эрэл"-ийн Эрдэнэбатыг эхнэрийн хамтаар яллагдагчаар татжээ

Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэгт авагдсан баримт, гэрчийн болон хохирогчдын мэдүүлгийг үндэслэн "Эрэл" группын үүсгэн байгуулагчид болох Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг яллагдагчаар татах тогтоол гаргажээ.

Б.Эрдэнэбат нь "Ариг" банкинд хөрөнгө оруулахыг бусдад ятгаж, 20 гаруй тэрбумын төгрөгийг хувийн дансаараа дамжуулан авсан ч уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогдсон байна. Энэ нь бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авах гэсэн зүйлчлэлтэй эрүүгийн хэрэг болно. Ийнхүү ятган сэнхрүүлэхэд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан хамссан байж болзошгүй гэнэ.

Эдийн засаг:НӨАТ-аа хянаж чадахгүй "Луйвар болсон и-баримтаа" хэзээ зогсоох вэ!

 

Он гарсаар хүн болгон НӨАТ-ын буцаан олголтын мөнгө нь хасагдаж байгаа талаар ярих болсон юм. Тэгвэл энэ нь үнэн болж таарлаа.

2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны эхний улиралд багтаан ибаримт бүртгүүлсэн хүн бүрт олгох бэлтгэл ажил хангагдсан байгаа энэ цаг үед иргэдийг авах ёстой буцаан олголтоос нь хасагдсан талаар мэдээлэв. Иргэдийн гар утсанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 2,1 дэх заалтыг тус тус хангахгүй байгаа тул таны бүртгүүлсэн урамшуулал цуцлагдсан болно” гэсэн мессэж иржээ.

Ийнхүү зарим иргэдийн буцаан олголтоос 100-200 мянган төгрөг хасагдсан байх жишээтэй. Тухайлбал, нэг иргэн 372 мянган төгрөгийн буцаан олголтоос нь 100 мянган төгрөг хасагдсан бол 79 мянган төгрөгийн буцаан олголтоос 59 мянган төгрөг хасагдаж 20 мянган төгрөгийн буцаалт л авахаар болоод байгаа юм. Энэ мэтчлэн  өөрсдийн буцаан авах мөнгөө "луйвар"-дуулсан байна гэхэд буруутахгүй болчихлоо. Эндээс уншина уу.

Спорт: Цагаан сарын бөхийн барилдааныг цуцаллаа

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Энэ удаад уламжлалт баяр болох Цагаан сартай холбоотойгоор зохион байгуулдаг бүх нийтийн арга хэмжээг бүрэн хориглохоор шийдвэрлэв. Урд хөршид коронавирусийн халдвар тархсан, манай улс өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

Бүх нийтийн арга хэмжээг хориглох хүрээнд Цагаан сарын бөхийн барилдааныг анх удаа хориглохоор шийдвэрлэлээ. Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалан зөвлөмж гаргав.

 

Үүний хүрээнд төрийн болон нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт хийхийг хориглолоо. Энэхүү шийдвэрийг хувь хүн төдийгүй бүх шатны байгууллага дагаж мөрдөхийг үүрэг болгосон юм. Онцгой комиссын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгсөн. Тэрбээр “Манай улсад сэжигтэй 50 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 14 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй. Цаашид ДЭМБ-аас манай улсад 2000-3000 оношлуур олгохоор болсон” гэдгийг онцоллоо.