Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “БНХАУ-ын Ухань хотоос өнгөрсөн бямба гаригт 31 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Халдварын шинжилгээ авахад шинэ коронавирусийн халдваргүй аваагүй нь шинжилгээгээр баталгаажлаа. 

Гэхдээ 14-21 хоногийн турш ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа явуулж байна. Мөн нисэх багийн 15 иргэнийг ажиглалтад тандалт хийж, тусгай тасагт байрлуулсан.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадны орнуудад утас ариутгагч гарсан, манайх тэрийг хэрэглэж байна. Хүн гараа угаадаг ч утсаа цэвэрлэдэггүй болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр утсаа ариутгаж, цэвэрлэх хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нянгаар маш их бохирддог болох нь тогтоогдлоо. 

Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хамт амьдардаг хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу  бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэж гарсан.

Нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй” гэлээ.