Өнгөрөгч долоо хоногийн хамгийн хар мэдээ нь Коби Брайантын осол байлаа. Хэтрүүлж хэлэхэд, хэзээ ч дайсантай байж үзээгүй энэ сайхан хүн гэнэт осолдоод насыг барж хорвоог орхисон нь дэлхийн спортын гэр бүлийг гүн шоконд оруулсан билээ. Эмгэнэлт явдал тохиолдсоноос хойш Месси, Роналду, Том Бреди, Конор Макгрегор, Мария Шарапова, Жокович, Овечкин гээд бүх төрлийн спортын одууд харамсаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлж байсан нь Кобиг хичнээн агуу хүн байсан юм бэ гэдгийг батлах мэт. Сагсан бөмбөгийнх нь гэр бүл мэдээж ямар их уй гашууд автсаныг давтахгүй, харин бусад спортынхон түүнтэй ямар холбоотой байсан, бидний мэдэхгүй агшин тэдний хооронд яаж өрнөж байсан зэргийг энэ хэдэн өдөр харууллаа.

Италид хөлбөмбөгийн “АС Милан” гэж баг бий. Коби зургаан настайдаа аавыгаа даган Италийн Милан хотод шилжин ирж найман жилийг өнгөрөөсөн. Тиймээс уг хотын “АС Милан” багийг үнэн сэтгэлээсээ дэмждэг олон жил “амьд” тоглолтуудыг нь үзэж одуудтай нь үерхэж явсан юм билээ. Тиймээс миланчууд тэр эмгэнэлт өдрийн дараахь тоглолтоо түүнд зориулж хүндэтгэл үзүүлсэн.

Мария Шарапова “Үл итгэм ямар хэцүү мэдээ вэ. Коби чиний надад үзүүлж байсан тусламжийг би хэзээ ч мартахгүй. Гэмтэл бэртлийнхээ өмнө өвдөг сөхөрч цөхрөнгөө барж байх тэр үед гаргасан чиний буянт үйлс, үнэт цаг хугацаа надад асар их нэмэр болж билээ. Охиныхоо хамт амгалан тайван нойрс доо” гэсэн байхад теннисний бас нэгэн их мастер Новак Жокович түүний өмсгөлийн дугаар болох найм, 24 гэсэн тоонуудыг нэртэй нь хамт шивсэн цамцтай талбайд гарч байна. Энэ өдрүүдэд зохиогдож буй Австралиан опен тэмцээний финальд шалгараад буй Новак “Манай үеийн цорын ганц агуу тамирчин. Надаас эхлүүлээд олон олон тамирчдыг амжилтын өөд тууштай мацах эрмэлзлийг бодитойгоор харуулж явсан гэрэлт бамбар. Би түүнтэй арав гаруй жил үерхсэнээрээ бахархана. Миний найз, үнэнч зөвлөгч чамайг дахиж харахгүй гэж бодохоор…” гээд мэлмэрч байсан.

Сагсан бөмбөгчдөөс тусдаа, өөр спортын тамирчид, спортын зүтгэлтнүүд Коби Брайантын түмэн олноос далд,нийтэд зарлалгүй явуулж байсан хүмүүнлэгийн тусламж, буяны ажлын талаар сэтгэлээ илэрхийлж гэмтэл бэртэл, сэтгэл зүйн хямралд өртсөн тохиолдолд хэрхэн тамирчдад тусалж байсныг өгүүлсээр. Алексей Овечкин хэмээн НХЛ-ын супер од бий. Гэтэл энэ хүн хүртэл Кобигийн тусламжтайгаар спортын зам руугаа зовлон багатай эргэн орсон гэх аж. Тийм ч учраас түүний дугаартай өмсгөл өмсч талбайд гарлаа. Ийм жишээнүүд үй түм. Дахиад онцлоход, сагсан бөмбөгчдийнх нь гаргаж буй хүндэтгэлийг энд өгүүлсэнгүй, тэгвэл сонины талбай хүрэлцэхгүй учраас. Дэлхийн бусад спортын одуудын хэсэгхэн нэгнийх нь сэтгэгдлийг товчхон нийтэллээ.

НБА-гийн одууд зодог тайлахаараа чимээгүйхэн алга болчихно, үгүй бол сагсан бөмбөгөө тойрсон ямар нэг бизнес эрхлээд явчихдаг. Хэсэг нь дасгалжуулагч болно, жижигхэн баг худалдаж аван дээшлүүлээд зарах гэж оролдоно, элдэв телевизэд тайлбарлагч, шинжээч гээд сууна. Коби зодог тайлаад алга болоогүй, бас сагсан бөмбөгөө тойроод л салж чадахгүй яваад байгаагүй. Granity Studios-ээ байгуулж богино хэмжээний зурмал кино хийсэн нь шууд л “Оскар” авч байх шиг. ESPN-тэй хамтраад гаргадаг тэмцээний үе дэх багийн довтолгоо, хамгаалалтын хувилбар, алдаа оноог шүүн тунгаадаг түүний нэвтрүүлэг цоо шинэ санаа агаад маш их үзэгчидтэй байлаа. Хүүхдүүдэд зориулсан ном бичиж, залуу сагсан бөмбөгчдийн алдаа оноог зааланд дуудаж байгаад заан үзүүлэх гээд завгүй амьдарч яваад халилаа даа. Богино насална гэдгээ мэдээд харваж буй од мэт хурц гэрэлтсэн амьдралаар цахилзуулаад өнгөрдөг хүмүүс байх юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Өдрийн сонин