“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа. Биднийг ярилцлага авахаар анх очиход түүнийг хянаж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хуяг болон Цагдаагийн ерөнхий газрын цагдаа оруулахгүй буцаасан юм.

Харин хоёр дахь өдөр нь буюу өчигдөр очиход түүний харуул хамгаалалтыг буулгасан байлаа. Бааварын хэвтэж байгаа өрөөнд түүнээс гадна хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гэр бүлийнхэн нь түүнийг ээлжээр сахиж байгаа гэсэн бөгөөд биднийг очиход ээжийнх нь ээлж таарсан юм. Дотогш ороход тэрбээр орон дээрээ хэвтэж байлаа.

Толгой хэсгийнх нь түлэгдсэн хэсэг идээлж, ногоон туяа татсан харагдсан. Биеийнх нь түлэгдсэн хэсгүүдийг боолтоор ороосон хэдий ч шүүс нь боолтыг нь нэвтэлж, энд тэнд нь толботуулжээ. Амьсгаа нь үе, үе давхцаж, ханиалгах бүртээ цэрээ хаяж байлаа. Ингээд бид ярилцлагаа эхлүүлсэн юм.

-Таны биеийн байдал ямархуу байна вэ. Ярьж чадах нь уу?
-Биеийн байдал маш муу байна. Яр шархандаа баригдсанаасаа болж халуурч, хүний асаргаанд орсон байдалтай л байна шүү дээ. Одоо бол өвчин намдаах тариагаар л “гол зогоож” байна. Эмчилгээг маш сайн хийж байгаа.

-Ямар учраас ийм байдалд орчихов оо. Тухайн үед чухам юу болсон талаар та тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
-Гуравдугаар  сарын 22-ны өдөр усанд орчихоод камер руугаа буцаад явж байх үед нэг залуу хүрч ирээд үгийн солиогүй намайг шууд цохиод авсан. Тэр үед нь би энэ ямар нэгэн явуулга байж магадгүй гэж хардсан учир ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй учир дахиад нэг цохисон.

Тухайн үед жижүүр хийж байсан хоёр ахлагч бидний зодолдохыг хараад зогсоод байсан. Зодоон болоод дууссаны дараа биднийг салгаж, өрөө өрөөнд нь оруулсан юм. Бид өрөөндөө орчихоод байж байтал гэнэт “Ер нь та хоёр яагаад байна аа. Хоёуланг чинь төлөөлөгчид аваачиж өгнө” гээд төлөөлөгчид хүлээлгэж өгөөд сахилгад хийсэн.

Сахилгад хоносны маргааш өглөө нь ээлж солигдох үеэр “Хөнжил, гудсаа гарга” гэхэд нь би “Хөнжил, гудсаа заавал гаргах ёстой байдаг юм уу. Дотоод журмандаа гаргадаггүй гэдэг юм байна билээ шүү дээ” гэсэн юм. Тэгэхэд намайг “Битгий олон юм хуцаад бай. Чи ер нь наашаа гараад ир” гээд 4-5-уулаа нийлж байгаад камергүй газарт аваачиж намайг зодсон. Зодсоныхоо дараа гавлаж, дөнгөлөөд тэр гал гардаг өрөөнд аваачиж хийсэн.

-Таныг хүн цохиход та ямар нэгэн эсрэг үйлдэл хийгээгүй гэлээ. Ямар учраас тэр вэ?
-Ямар нэгэн зүйлийн өдөөн хатгалаг байж магадгүй гэж хардаж байсан учраас би ямар нэгэн үйлдэл хийгээгүй.

-Таныг цэнхэр асаагууртай явдаг байсныг хамт хоригдож байсан хүмүүс чинь нотолсон гэж байна билээ. Нөгөөтэйгүүр, гал гарах үед таныг дөнгөтэй байгаагүй. Харин гавтай байсан гэж байгаа. Энэ бүхнийг тодорхой болгохын тулд тухайн үеийн бичлэгийг олонд ил болгосон шүү дээ?
-Тэр бичлэг чинь гал гарахаас өмнөх өдрийн тусгаарлах үеийн бичлэг байна билээ. Надад ямар ч цэнхэр асаагуур байгаагүй. 461 дүгээр хорих анги чинь тамхи татахыг хориглодог. Тамхигүй, цэвэр орчин. Яагаад надад тамхи, асаагуур байх ёстой гэж. Ерөөсөө тийм зүйл байгаагүй. Энэ бол намайг буруутан болгож харагдуулах гэсэн нэг хэлбэр байх гэж бодож байна.

-Одоо үзүүлээд байгаа бичлэгийг гал гарахаас өмнөх өдрийн бичлэг гэдгийг та яаж батлах юм бэ?
-Хянагчийн гүйж байгаа бичлэг нь яг гал гарахын өмнөх бичлэг мөн байна билээ. Гэхдээ сонин дээр нийтэлсэн байсан камерт сууж байгаа бичлэгийн зураг гэх мэт нь өмнөх өдрийн бичлэг байсан шүү дээ. Гал гарсан өрөөний бичлэгийг олох нь л хамгийн чухал асуудал болоод байна.

-Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид “Ил гал гарснаас болж энэ бүх асуудал үүссэн. Тэр гал нь ор хавиас гарсан байна” гэдэг дүгнэлтийг хийсэн байна билээ. Таныг сахилгад байхад гал чухам яаж гарсан юм бэ?
-Ямарч байсан ор хавиас гал гараагүйг л мэдэж байна. Би тэр өрөөг зураачаар зуруулах юм бол тэр өрөөний хаана, юу байсныг бүгдийг нь тод санаж байна. Гал гарч эхлэнгүүт би доошоо суугаад хянахынх нь нүхээр “Жижүүрээ амь авраач ээ” гээд л орилоод байсан. 15-20 минут орилж шатсан. Хоёр гарыг ард гавалчихсан, хөлийг маань дөнгөлчихсөн байсан шүү дээ.

-Гал гарсан үеийг дүрсэлж хэлж чадах уу?
-Битүү хар утаан дундаас гал маналзаад л аймшигтай халуу шатаж байсан. Гавтай, дөнгөтэй байсан учир доошоо суугаад хянах жижигхэн нүхээр амьсгаа авч байсан. Үүнээс өөр арга надад байгаагүй. Яваандаа толгой, нуруунаас шатаж эхэлсэн.

-Шоронгийн хуягууд хоригдлуудтай хэрхэн харьцдаг талаар хамгийн сайн хэлж чадах хүнийг таныг гэж бодож байна. Хоригдож байх хугацаандаа энэ бүхнийг мэдэрсэн болов уу?
-Хүн болгонтой муухай, дээрэнгүй байдлаар харьцдаг юм. Намайг хорих шүүхийн захирамж гарч 2012 оны нэгдүгээр сарын 16-нд би хоригдож байсан юм. Анх хоригдоод дөнгөж дөрөв хонож байх үед минь бас л дөнгөлөөд  сахилгад хийж байсан. Дараа нь гуравдугаар сарын 4-нд намайг дөнгөлөөд сахилгад хийх гэж байх үед би батлан даалтад гарч байсан юм. Энэ удаагийнхтай нийлээд намайг гурван удаа сахилгад хийсэн. Ер нь намайг байнга ингэж дарамталдаг юм. Гэхдээ бүх албан хаагчид нь биш л дээ. Ганц нэг албан хаагчид нь хоригдлуудтай зүй бусаар харьцдаг юм.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан таны талаар ярихдаа “Мансуурдаг хүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон байдаг. Тиймээс тухайн үед хянагч нарыг өөрөө хэл амаар доромжилж байгаагаа мэддэггүй” гэсэн байсан?
-Би хянагч нартай зүй бус байдлаар нэг ч удаа харьцаж үзээгүй. Тэднийг доромжилдоггүй. Учир нь тэд чинь ажлаа л хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн хэлж байгаа бүгд худлаа. Өөрсдийн арьсыг хамгаалах гэж ярьж байгаа зүйл л гэж хэлэх байна. Би өдий гучин хэдэн насыг наслахдаа хэзээ, хаана, хэнтэй юу ярих вэ гэдгээ мэдэхтэйгээ болсон хүн.

-Таныг галд өртсөн шалтгааныг маш олон талаас нь тайлбарлаж байна. Тухайлбал, холбогдох албаныхан нь “Ял авахаа мэдэж байсан учир өөрийгөө шатаасан” гэж нотлоод байна. Ар гэрийнхэн тань болон бусад эх сурвалжууд “Гаднаас зохион байгуулалттайгаар гал тавьсан” гэж байна билээ. Зохион байгуулалттай гал тавьсан гэж ярихын тулд ямар нэгэн үндэслэл хэрэгтэй байх л даа. Танд тиймэрхүү хар төрүүлэхээр зүйл ажиглагдаж байсан юм уу?
-Яг тийм зүйл болсон. Би бол энэ хэрэгт сэжиглэгдэж байгаатайгаа холбоотойгоор ял авах байсан ч тэнсэн авна гэж бодож байсан. Энэ бол миний анхны хэрэг. Шүүх хурал болсны дараа батлан даалтад гарах боломжтой гэдгийг өмгөөлөгч маань ойлгуулчихсан байсан учир надад тэгж өөрийгөө шатааж, амиа хорлох шалтгаан байгаагүй.

Энэ хэрэгтэй холбоотой маш олон харуулууд шалгагдаагүй үлдсэн байна билээ. Би тэр хүмүүсийг бүгдийг нь шалгуулна. Намайг дандаа дээрэлхдэг байсан. Тэнд байгаа хоригдлууд хянагч нартаа 10-20 мянган төгрөг өгч, аль болох арга эвийг нь олох гэж оролддог байсан. Би тэгж мөнгө өгдөггүй байсан. Тэдэнд мөнгө өгч яах юм.

-Таныг хоригдож байхад хэн нэгэн хүн хянагч нараар дамжуулж утсаар ярьж, дарамталдаг байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм асуудал байхгүй.

-Та сая галыг зохион байгуулалттайгаар тавьсан гэж хэлсэн. Гадаа байгаа хүмүүс дотор ажиллаж байгаа хүмүүстэй холбоо тогтоосон байсан гэдгийг яаж мэдэж байна вэ?
-Би үүнийг баталж байна. Тийм захиалга байгаа.

-Тэгэхээр гадарлаж байгаа хүн байгаа гэсэн үг үү?
-Хэн гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ бүхний цаана хүмүүс байгаа. Тэд миний амьдралаар үнэндээ тоглож байна шүү дээ. Би энэ болгоноос айхгүй ээ.  Амьд гарсандаа баяртай байна. Энэ бүхний цаана хэн байгаа, юу байгааг бүгдийг нь мэдэж байгаа. Тэр бүх хүмүүст хандаж аятайхан байцгаагаарай гэж хэлье. Хууль, шүүхийн өмнө үнэн бүхнийг ялна. Би та нарын гар хөл, хэн нэгний долдой болдог хүн биш.

-Та өнөөдөр ингэж хэлж байгаа ч гэсэн таны үнэнийг олно гэж итгээд байгаа хуулийн байгууллага ялзарчихсан байна гэдэг нь илэрхий болж байна шүү дээ. Хэрэв хуулийн байгууллага таны итгэж байгаа шиг үнэн ажилладаг байсан бол өнөөдөр ийм явдал гарахгүй байх байсан?
-Гэсэн ч би айхгүй байна. Тэд үхэхдээ ч гэсэн ядаж зөв үхэж чадахгүй шүү дээ. Зүв зүгээр байсан гэмгүй хүнийг золиос болгосных нь хариуд үр хүүхэд нь хүртэл зовж үхнэ гэж бодож байна.

-Та цаашид Монголд амьдрах уу. Таны ярьж байгаагаас үзэхэд энд амьдрахад үнэхээр хэцүү байдалтай болчихсон юм шиг санагдаж байна?
-Намайг өмнө нь маш олон сүрдүүлж байсан. Би энэ бүхнээс нь айхгүй. Гэхдээ би цаашид Монголд энэ амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна.

-Та шүүх хурлын үеэр хэн нэгнийг илчлэх ямар нэгэн ноцтой мэдээлэл хийх байсан юм уу?
-Үгүй. Ямар ч тийм асуудал байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа. Түргэн идгэрэхийг ерөөе.

Р.Сарангоо