Шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох Хятадын Ухань хотоос Украин руу нүүлгэн шилжүүлсэн иргэдийг тээвэрлэсэн автобусууд руу олон арван иргэн халдсан хэрэг гарчээ.

Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг Украины Полтава бүс нутгийн Нови Санжары хотын эмнэлэгт 14 хоногийн хөл хорионд оруулахаар явж байсан нь энэ юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эв нэгдэлтэй байхыг ард иргэддээ уриалаад, “бид бүгд хүн” гэдгийг санах хэрэгтэй гэж хэлжээ.

Пүрэв гарагийн өглөө Хятадын Ухань хотоос Украины 45, гадаадын орны 27 иргэнийг Украины зүүн нутгийн Харьков хот руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд үүний дараа тэднийг 6 автобусаар Нови Санжары хот руу хүргэхээр явж байх үед эсэргүүцэгчид түүдэг гал асааж, чулуу шидэлсэн байна.

Украины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, зорчигчид дунд өвчтэй хүн байхгүй бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн 3 украин, 1 казахстан хүн Хятадад үлдсэн ажээ. Ерөнхий сайд Алексей Гончарук, Эрүүл мэндийн сайд Зориана Скалецкая, Дотоод хэргийн сайд Арсен Аваков нар нөхцөл байдлыг намжаахын тулд Нови Санжары хотод очжээ. 

montsame.mn