БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1146-д хүрч, 11 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.

Лхагва гаргийн 09:00 цагийн байдлаар, Дэгү хотод 134 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, тус хоттой зэргэлдээ оршдог Умард Кёнсан мужид 19, нийслэл Сөүл хотод 4, томоохон боомт хот болох Бусанд 8 тохиолдол шинээр илэрчээ.

Дэгү болон тус хотын хөрш мужид гарсан дэгдэлт Шинчожи сүмийн гишүүдээс тархаж эхэлсэн гэж БНСУ-ын эрх баригчдын үзэж байгаа аж. Сөүл хотын захиргаанаас тус сүмд олныг хамарсан цуглаан, уулзалт зохион байгуулахыг хориглосон гэж “Yonhap” агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.

Сүүлийн хэд хоногт БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар сургуулийн хичээлийн жил эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг хоёрдугаар сарын 23-нд гаргажээ.

 

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг