Норвегид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ
2020/02/27
БНХАУ-аас буцаж ирсэн Норвегийн иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн лхагва гарагт мэдээлсэн байна.
“Халдвар авсан өвчтөн Хятадаас буцаж ирснийхээ дараа амралтын өдрүүдэд шинжилгээ өгсөн” гэж тус хүрээлэнгийн газрын дарга Лине Вольд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Вирус илэрсэн хүн одоогоор гэртээ тусгаарлагдсан байгаа бөгөөд халдварын шинж тэмдэг дахин илрээгүй байна. Үүнээс өмнө Норвегийн 100 иргэнд коронавирусний шинжилгээ хийж, хариу нь бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Мөн халдвар хурдацтай тархаж байгаа Италийн хойд нутгаас саяхан ирсэн таван хүн шинжилгээнд хамрагдаж, хариу нь хүлээгдэж байна гэж хүрээлэнгийн төлөөлөгчид мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг