АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
2020/03/01

АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, Вашингтон муж улсад 50 гаруй насны эрэгтэй бямба гарагт нас баржээ.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, уг өвчтөн өндөр эрсдэлтэй бүс нутгууд руу зорчоогүй байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэж "болзошгүй" байгааг дурдаад, АНУ ямар ч нөхцөл байдлыг даван туулах бэлтгэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 69 хүрчээ. Тэдний 44 нь "Diamond Princess" хөлөг онгоцноос, 3 нь БНХАУ-аас нүүлгэн шилжүүлсэн иргэд бол 22 нь АНУ-ын муж улсуудад бүртгэгджээ.
Мөн АНУ-ын засаг захиргаа БНСУ, Италийн халдвар тархсан бүс нутгууд руу зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж, Иранд сүүлийн 14 хоногийн дотор зорчсон иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    