Спорт холбоодын ажлыг дүгнэх олимпын эрх
2020/03/03
Саяхан бид “Рио”-гийн олимпод Г.Мандахнаранг хүрэл медалиа луйвардуулсан, луйвардуулаагүй. Манай дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар олимпын дэвжээнд хувцсаа тайлж эсэргүүцэл илэрхийлсэн нь зөв, буруу гээд хоёр тал болон талцан маргаж байлаа.
Өөрийн улсын тамирчин, дасгалжуулагч нарынхаа эрх ашгийг хамгаалан тэмцэж чаддаггүй үндэсний олимпын хороо, чөлөөт бөхийн холбоотой орон манайхаас өөр хаана ч байхгүй биз ээ. За энэ ч яахав. Цаг хугацаа бүхнийг мартуулж байгаа ч олимпын түүхэнд “Медалиа луйвардуулсан Монгол” домог болон тэмдэглэгдэн үлдсэн. Харин одоо бид хаяанд ирчихсэн “Токио 2020” оны олимпод анхаарлаа хандуулах цаг ирж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын буудлагын дөрвөн тамирчин, чөлөөт бөхийн хоёр, марафон гүйлтийн хоёр, байт харвааны нэг, сагсан бөмбөгийн эмэгтэй баг, жүдо бөхийн холимог багийн тамирчид олимпын эрхээ өвөртлөөд байна. Удахгүй болох олимпын эрх олгох тэмцээнүүд манай тамирчдыг хүлээж байгаа.
БУУДЛАГЫН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН УР ЧАДВАР САЙН БАЙНА
Одоогийн байдлаар хамгийн олон олимпын эрхийг буудлагын тамирчид хүртээд байна. Энэ бүхэн Буудлага спортын холбооны хамт олны эв нэгдэл, хөдөлмөр зүтгэл, зөв менежмент, дасгалжуулагчдын ур чадвар, ажлын үр дүнтэй холбоотой. Харин манай гол найдвар байсан Азийн наадмын аварга Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, Ц.Мөнхзул нар олимпын эрх авч чадаагүй нь харамсалтай ч шинэ залуу үеийн 19-22 насны тамирчид төрөн гарч ирсэн нь бахархууштай. Урт бууны тамирчин ОУХМ О.Есүгэн, гар бууны тамирчин ОУХМ Ц.Анударь, ОУХМ Э.Даваахүү, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар олимпын эрхээ авсан. О.Гүндэгмаа баатар 28 жилийн олимпын мөчлөгт бэлтгэлээ өндөр түвшинд барьж долоо дахь олимпын наадамдаа оролцох гэж байна. Энэ нь түүний авьяас, ур чадвар, бэлтгэл сургуулилалт, сахилга бат ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг илтгэн харуулна. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат долоон олимпод О.Гүндэгмааг бэлтгэж, олимпын эрхийг авуулж чадлаа. Үнэхээр гайхалтай. Олимп, дэлхийн цомын медальтан О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын залгамж халаа болсон тамирчдыг ч тэрбээр гаргаж ирсээр байна. Урт бууны багш Ж.Ганхуяг дэлхийн энтэй дасгалжуулагч гэдгээ нотлон харуулж явна. Тэрбээр Азийн наадмын аваргуудыг олимпын эрх авуулж чадаагүй ч залуу тамирчин О.Есүгэнийг олимпын эрхэд хүргэж чадлаа.
“ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ” АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ЧӨЛӨӨТИЙН ХОЛБОО
Хамгийн олон олимп, дэлхийн медальт тамирчидтай ууган спорт холбоо гэвэл яах аргагүй Монголын чөлөөт бөхийн холбоо. Гэтэл өнөөдөр энэ холбооны ажил, амжилт нь урагш нэг л ахихгүй, алдаа дутагдал нь амжилтыг хойш чангаасан хэвээр олимпын наадамтай золгож байна. Хөөрхий чөлөөт бөхийн эрчүүд Москвагийн 1980 оны олимпоос хойш нэг ч олимпоос медаль хүртээгүй явна. Чөлөөт бөхийн холбоо эмэгтэй тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтаар нэр нүүрээ тахалж суугаа. Уг нь манай улс бөхийн орон. Тэр утгаараа З.Ойдов, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ц.Нацагдорж, М.Хойлогдорж, Б.Жамсран, О.Энхтайван, Н.Бүргэдаа, З.Дүвчин, Ж.Даваажав, Д.Оюунболд, А.Энхээ, Б.Болд, П.Сүхбат, Лу. Энхбаяр, Ло. Энхбаяр, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, П.Өнөрбат, Б.Номин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга гээд олон дэлхийн медальтан эрэгтэй бөхчүүд төрөн гарсан. Ийм ч учраас бүх сонирхогчид чөлөөт бөхчүүдээс олимп, дэлхийн медальтан тамирчдын амжилтыг давтах, тэдний авч чадаагүй олимпын алтан медалийг эх орондоо авчирч чадна гэж найдан итгэл тавин хүлээсээр 40 жил өнгөрчээ. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тун хариуцлагагүй, амжилт муутай оролцсон. Олимпын эрхийг эрэгтэй тамирчдаас ганцхан ОУХМ Т.Тулга л хүртсэн. Эмэгтэй бөхчүүдээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг туршлага, ур чадвар заан олимпын эрхийг авсан билээ. Олимпын бус эмэгтэйчүүдийн жинд ОУХМ Б.Шоовдор, ОУХМ Б.Болортуяа нар дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Өөр гялааж, гялтаах амжилтыг чөлөөтийн бөхчүүд гаргаагүй. Одоо удахгүй болох гурван тэмцээнээс олимпын эрх хүртэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна.
Яагаад манай эрэгтэй чөлөөт бөхийн амжилт доошоо уруудаад байна вэ. Тамирчдын ур чадвар муу байна уу, гэвэл үгүй. Бөхчүүдийн чадвар үнэхээр чамлалтгүй сайн байгаа. Олимп, дэлхийн аварга тамирчдыг олон улсын тэмцээн дээр ялж чадаж байна. Сэтгэл зүйн бэлтгэл дутаад байна уу гэвэл тийм биш. Алдаа дутагдлыг бөхчүүдээс хайгаад хэрэггүй. Үндэсний шигшээ багийн чанаргүй бэлтгэл сургуулилалттай энэ бүхэн холбоотой байж магадгүй юм. Чөлөөт бөхийн холбооны клубүүдийн багш, дасгалжуулагчдын эв нэгдэлгүй байдал, ажлын уялдаа холбоо муу, менежмент тааруу, бодлого төлөвлөлтөд алдаа байгаатай холбон үзэх нь зөв болов уу. Чөлөөт бөхийн холбоо ажлын туршлага, ур чадвар багатай залуу дасгалжуулагчдыг шигшээ багт авч ажиллуулж байгаа билээ. Улсын шигшээ баг гэдэг залуу дасгалжуулагчдын туршлага хуримтлуулдаг, дадлага хийдэг талбар биш шүү дээ. Тус холбоо дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг туйлын хангалтгүй түвшинд явуулжээ. Залуу дасгалжуулагчдын ур чадвар суух, дадлага, туршлагатай болохыг хүлээсээр, цаг хугацаа урсаар олимп хаяанд ирсэн байна. Одоо олимпын эрх олгох тэмцээнээс хэдэн эрх авахыг таашгүй. Энэ жилийн олимпоос чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдыг медаль хүртэнэ гэж найдлага тавих нь сохор аз мэдсэн асуудал байх. Шигшээ багийн дасгалжуулагчдын туршлага, мэдлэгт найдах биш, хувь тамирчны ур чадварт л найдлага тавих нь дээр болов уу. Харин эмэгтэй бөхчүүд олимпоос медаль хүртэх илүү өндөр магадлалтай.
ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙНХӨН ХҮЧТЭЙ БАЙГАА ГЭХДЭЭ...
Монголын хүндийг өргөлтийн холбооны бодлого, төлөвлөлт, менежмент, тамирчдын ур чадвар, сахилга бат, дасгалжуулагчдын мэдлэг, чадвар үнэхээр сайн байгаа. Тэд богино хугацаанд холбооны ажил, шигшээ багийнхаа тамирчдын амжилтыг өндөр түвшин гаргаж чадсан нь том амжилт юм. Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Э.Билэгсайхан, ОУХМ Г. Анужин нарын амжилт аль хэдийнэ дэлхийн түвшинд хүрчихсэн. Тус холбооны удирдлага, шигшээ баг, клубүүдийн багш дасгалжуулагчдын эв нэгдэл, хоорондын ажлын уялдаа холбоо сайн байгаа болохоор тамирчдынх нь амжилт жилээс жилд ахиж, дэгжин, дээшилж байна. Эмэгтэй тамирчид олимпын эрх авах нь тодорхой болов уу. Харин эрэгтэй тамирчдын амжилт нэг л сайн ахин, дээшилж өгөхгүй байгаа. Үүнд тэд анхаарал хандуулж байгаа гэсэн.
МАРАФОНЧИД МОНГОЛЫН НҮҮРИЙГ ТАХАЛЖ БАЙНА
Монголын хөнгөн атлетикийн хөгжлийн түвшин, хичээллэгсэдийн тоо 1960, 1970, 1980 оны түвшинөөс доош унасан. Тэмцээн уралдааны тоо цөөрсөн. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны төсөл хөтөлбөрийн дагуу дэлхийн стандартад нийцсэн тартан замтай цэнгэлдэх хүрээлэнтэй болж байгаа хэдий ч тамирчдынх нь амжилт дэлхийн битгий хэл Азийн түвшинөөс ч доош уначихсан байдалтай байгаа. Ийм хүнд цаг үед тус холбооны нүүр царайг тахалж яваа хүмүүс нь марафон гүйлтийн тамирчид яах аргагүй мөн. Гавьяат тамирчин Г.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нар мөн ч олон жил Монгол Улсынхаа нэрийг олимп, дэлхийд гаргасан. Тэдний залгамж халаа болсон ОУХМ Ц.Бямбажав, ОУХМ Б.Мөнхзаяа нар Токиогийн олимпын эрхийг хүртэж чадсан нь бахархууштай. Монгол хүний тэсвэр хатуужил, тэвчээрийн хязгаарыг манай марафон гүйгчид харуулж байгаа.
БАГИЙН СПОРТЫН ШИНЭ ТҮҮХИЙГ БИЧИГСЭД
Монгол Улс цөөн хүн амтай. Стандартад нийцсэн спорт цогцолбор байхгүй. Тиймээс Монголд багийн спорт хөгжих боломжгүй гэж Оросын мэргэжилтэн дасгалжуулагч 1960 оны үед хэлсэн гэдэг. Тэр тэнэмэл үгийг монголчууд тоть мэт давтаж багийн спортоор бид дэлхийд амжилт гаргахгүй гэдэг итгэл үнэмшлийг тархи, оюундаа нэвт шингээн суулгажээ. Энэ хоцрогдсон үзэл бодлыг монголчуудын тархинаас арчиж чадсан хүн бол 3х3 сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагч С.Тулга. Тэрбээр насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй баг, залуучууд, өсвөр үе гээд бүх насны ангиллын Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийг дэлхийн түвшинд хүргэж чадсан гавьяатай. Тиймдээ ч Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй баг, тамирчид түүхэндээ анх удаа олимпын эрх хүртээд байна. Одоо Ази тивийн аварга эрэгтэй баг, тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцох гэж бэлтгэл сургуулилалтаа амжилттай хийж явна. Харин эрх мэдэл, албан тушаал булаацалдсан хэсэг бүлэг хүмүүсээс болж 5х5 сагсан бөмбөгийн хөгжил зогсонг байдалд хүрснийг бид мэднэ. Спорт холбоодыг ашиг, орлого, мөнгө хийдэг хувийн хэрэгсэл болгох гэсэн хүмүүсээс болж тухайн спортын хөгжил хойш ухарч, тамирчдын эрх ашиг хохирсоор байгаа. Үүнийг бид Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооны талцал, тэмцлээс илхэн харж болно.
БАЙТ ХАРВААНЫ ТАМИРЧДЫН АМЖИЛТЫГ ЧАМЛАЖ БОЛОХГҮЙ
Тайландын Бангкок хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Отгонболд Токиогийн олимпын эрхийг хүртсэн билээ. Олимпын эрх олгох дараагийн тэмцээн ирэх зургадугаар сард Герман Улсын Берлин хотод болно. Энэ тэмцээнээс олимпын олон эрх авахын төлөө байтын тамирчид бэлтгэл суруулилалтаа базааж байгаа. Монголын байт харвааны тамирчид түүхэн амжилт гаргаж байсан арвин туршлагатай. Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 1971 онд дэлхийн аварга болж байсан бол 2012 онд гавьяат тамирчин Б.Баатаржав паралимпын аварга болсон билээ. Манай тамирчид Токиогийн олимпоос байт харваагаар медаль хүртэхэд гайхах зүйлгүй. Тийм боломж бололцоо манай харваачдад бий.
ТАЭКВОНДОЧДОД ОЛИМПЫН ЭРХ АВАХ БОЛОМЖ БИЙ
Өмнөх “Рио 2016” олимпод Монголын таэквондочид боломжийн амжилттай оролцсон билээ. Энэ жилийн Токиогийн олимпод тэр амжилтаа ахиулах болов уу гэж найдна. Олимпоос таэквондочид медаль хүртэх бүрэн боломж бий. Монголын тамирчдын техник, ур чадвар, тулааны туршлага гадаадын тамирчдаас тутах зүйл байхгүй. Харин цагийн оновчтой хуваарилалт, тактикын арга барилын алдаа гаргах нь байдаг. Монголын олимпын таэквондогийн холбоо нь Өмнөд Солонгосын мэргэжилтэн дасгалжуулагчтай, материаллаг бааз, техник, хэрэгсэл сайтай. Санхүүгийн хувьд харьцангүй хөл дээрээ бат зогсож чадсан холбоо. Нэг жилд харьцангүй олон тэмцээн, уралдааныг зохион байгуулан явуулдаг. Тийм ч учраас тамирчдынх нь ур чадвар жилээс жилд өсөн дээшилж байгаа.
БОКСЫНХОНД НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙГАА
Манай боксчид Монгол түмнийхээ итгэлийг алдаж байсан удаагүй. Олимп, дэлхийн аварга тамирчид боксоос төрөн гарсан. Сөүлийн 1988 оны олимпоос Н.Энхбат хүрэл, Барселоны 1992 оны олимпоос Ц.Баярсайхан хүрэл, Бээжингийн 2008 оны олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, Лондоны 2012 оны олимпоос Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио 2016” олимпоос Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Боксын спорт шүүгчдийн луйвар ихтэй спортын төрөл. Шүүгчийн маапаан орчихгүй бол манай боксчид олимпоос медаль хүртэх бүрэн боломж бий. Ямар сайндаа японы тамирчид Токиогийн олимпын боксын төрлийг Дэлхийн боксын холбооны шүүгчдээр шүүлгэхгүй. Мэргэжлийн боксын холбоодын шударга шүүгчдийг ажиллуулна гэж мэдэгдсэн. Энэ үнэхээр үнэн бол манай боксчдод том боломж нээгдэнэ гэсэн үг. Одоо манай боксчид олимпын эрх олгох тэмцээнийг хүлээж байгаа. Хамгийн багадаа 2-3 олимпын эрх авах болов уу гэсэн найдлагыг тэдэнд тавьж байна. Эмэгтэй боксчдод ч олимпын эрх хүртэх боломж бий.
ЖҮДОГООС ОЛИМПЫН АВАРГА ТӨРӨХ БОЛОМЖ БИЙ
Сүүлийн гурван олимпын наадамд жүдо бөхөөс хамгийн олон тамирчин эрх авч оролцоод байгаа билээ. Энэ жил ч дээрх амжилтыг давтах болов уу. Жүдо бөхийн холбоо өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт тааруухан оролцсон. Үүний дараа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр огцоруулж, шинэ дасгалжуулагчдыг томилоод удаагүй байгаа. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг сонгосон нь нүдээ олсон зөв шийдвэр байв. Халиуны Болдбаатар дасгалжуулагч Н.Түвшинбаярт оюутан байх үеэс нь багшилж, шигшээ багт авч, Бээжингийн олимпын алтан медалийн төлөө барилдах үед нь дэвжээнд авч гаран олимпын аварга болгосон гавьяатай хүн юм. Тэрбээр 2012-2016 оны олимпын мөчлөгт Хятадын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, Хятадын анхны олимпын медальтан эрэгтэй тамирчныг төрүүлсэн. Ийм мундаг туршлагатай дасгалжуулагч шигшээ багийг удирдах болсонд олон хүн баярласан билээ. Харин туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нарыг сонгосон нь жүдо сонирхогчдыг багагүй “шоконд” оруулсан сонголт байв. Гэвч залуу туршлага багатай дасгалжуулагчдын ажлыг дүгнэхэд арай эрт байна. Манай жүдочид он гарснаас хойш оролцсон Парис, Дюселдорфийн их дуулгад боломжийн амжилт гаргаж олимпын оноо цуглуулж явна. Харин эрэгтэй, эмэгтэй хүнд жингийн тамирчдын амжилт нэг л ахиж өгөхгүй байна. Бэртэл, гэмтэл нь бүрэн илааршихгүй байгаа нь амжилтад нь муугаар нөлөөлж байгаа. Энэ байдлаараа олимпын эрх авна гэхэд жаахан эргэлзээ төрүүлнэ. Гол найдлагыг хөнгөн жингийн жүдочид хүлээж байна. Тэд олимпод амжилт гаргах нь дамжиггүй байх. Олимп болох Токио хот газар зүйн байрлалын хувьд Монголтой ойрхон, цагийн зөрүү бага зэрэг таатай нөхцөл бүрдсэн нь манай тамирчдад амжилт гаргах боломжийг нээн өгч байгаа билээ.
Эх сурвалж. Үндэсний шуудан сонин