2020 оны гуравдугаар сарын 1-нд тусгаарлагдсан нийт таван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Мөн тэрбээр "Гуравдугаар сарын 2-нд гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, нийслэл болон орон нутагт нийт 100 хүнийг ажиглалтад аваад байна" гэлээ.

"Халдвар гарсан улсуудаас ирж байгаа иргэдэд сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлах бөгөөд шинж тэмдэг илрээгүй бол тусгайлан бэлдсэн байранд ажиглалтад авч байгаа.

БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн оношилгоо хийж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Хариу хүлээж байгаа" гэдгийг ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нэмж хэллээ.