Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо гэргий Софид нь вирусний гаралтай өвчний шинж тэмдэг илэрсний дараа өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийхээр шийдсэн гэж түүний албан ёсны төлөөлөгч Камерон Ахмад мэдээллээ.

Түүний мэдээлснээр, Трюдогийн эхнэр Их Британиас саяхан ирсэн бөгөөд лхагва гаргийн шөнө “бага зэрэг халуурч, ханиадны шинж тэмдэг" илэрсэн байна. Түүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь удахгүй гарна. Одоо Софи гэртээ тусгаарлагдсан байгаа аж.

 

“Өвчний шинж тэмдэг илрээгүй тул эмч Ерөнхий сайдад өдөр тутмын ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвлөсөн. Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлах дэглэмийг сонгосон бөгөөд гэргийнхээ шинжилгээний хариуг гарах хүртэл гэрээсээ ажиллана” гэж Канадын Ерөнхий сайдын албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Трюдо хэд хэдэн уулзалтаа цуцалж, тэдний заримтай нь утсаар ярихаар болсон байна.

Канадад коронавирусний халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 25-нд илэрчээ. Одоогийн байдлаар тус улсад 103 хүн халдвар авч, нэг хүн нас барсан байна.  

 

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг