Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит цаг үеийн асуудлаар мэдээллээ хийлээ. Монгол улс гурван сар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тактикаар ажиллаж байгаа гэв.

Өнөөдөр 1804 иргэн ажиглалт, тусгаарлалт байна. Тусгаарлагдах ажлын байрыг нэмэгдүүлэхрэр бэлтгэлээ. Учир нь Казакастан улсаас оюутнуудаа татан авчрах ажлыг зохион байгуулахаар болсон. Түргэн тусламжаар үзүүлэхээр үйлчилгээнд явдаг 10 машинаа бүрэн тоноглолоо. Эмч, мэргэжилтнүүдээ ачаалал нэмэгдүүлэхгүйгээр амраах, халдвараас сэргийлэх ажлыг бүрэн хийж байгаа гэдгийг Я.Буянжаргал онцоллоо.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 17-нд Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн батлагдсан тохиолдлуудын 75 ойрын харьцагчаас коронавирус илрээгүй. Мөн 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Улаанбаатар-Истамбулын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан  24 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй. Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ дэс дараалалтай шинжилгээнд хамруулж, ажиглалт, тандалтын судалгааг хийж байгаа. 

Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй. Хэнтий аймагт  гуравдугаар сарын 19-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан, шинжилгээний дээж Улаанбаатар хот руу ирж байгаа. Энэ иргэний харьцагч болсон 24 хүнийг мөн тусгаарлаж, ажиглалт авсан. Энэ хүн Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирэхэд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн учраас шууд тусгаарласан.