Н.ДАЯН

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцан төлөх тусламж, үйлчилгээнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, өндөр өртөгт хэрэгсэлтэй мэс засал, өдрийн эмчилгээ авч болно. Мөн тус эмнэлэг нь 24 цагийн тасралтгүй яаралтай тусламж үзүүлдэг. Тухайлбал, гар сарвуу, бичил мэс заслын тасаг, яс үений гэмтлийн I, II, III тасаг, гавал тархины гэмтлийн тасаг, хүзүү, нуруу нугасны гэмтлийн тасаг, цээж, хэвлийн гэмтлийн тасаг, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасаг, түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг, хүүхдийн гэмтэл согогийн I, II тасагт хэвтэн эмчлүүлдэг.

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг авсан даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтөөс хамааран 15 хувийн хамтын төлбөрийг төлнө. Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлдөг дараах даатгуулагч хамтын төлбөргүйгээр төрийн өмчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Үүнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй ахмад настан, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүд, хүүхдээ хоёр хэрэв ихэр бол гурван нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эцэг эх, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч.

Амбулаторийн тусламж, үйлчилгээ   

Даатгуулагч тухайн оны тухайн сард үйлчлүүлж байгаа эмнэлгийнхээ амбулаторийн үзлэгийн зөвхөн нэг кабинетад өвчний онош тогтоолгосон анхны үзлэг болон оношилгоо, шинжилгээ бүрдүүлсний дараах нэг удаагийн давтан үзлэгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог.

Оношилгоо, шинжилгээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төв нь MRI, компьютер томограф, дижитал рентген, эхо оношилгооны тусламж, үйлчилгээг үзүүлэх бөгөөд та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол улирлын хөнгөлөлт 165 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тооцуулан зөрүү төлбөрийг өөрөө төлнө.

Өндөр өртөгт тусламж, үйлчилгээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төв нь 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн тасралтгүй өндөр өртөгт хэрэгсэлтэй мэс засал эмчилгээ хийж байна. Үүнд өвдөгний хиймэл үе, түнхний хиймэл үе, өвдөгний дурангийн мэс засал, арьс нөхөх мэс засал, нурууны мэс засал хийж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоолын дагуу худалдан авсан үнийн дүнгийн 75 хувийг даатгалын сангаас, 25 хувийг хувь хүн өөрөө хариуцан төлж байна.

Эх сурвалж www.polit.mn