Монголдоо хайртай аяны урлагийн тоглолт дөрөвдүгээр сарын 03-нд болно
2020/03/30
Дэлхий даяар айдаст автуулж буй цар тахал болох коронавирусийн халдвараар мянга мянган хүн өвдөж, олон зуун хүн амь насаа алдаж байгаа харамсалтай цаг үе тохиож байна. Энэ тоо цаашид ч өсч, корона вирусын хоёр дахь давалгаа эхэлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа юм.
Бүх дэлхийг хамарсан энэ аймшигт өвчин улс орнуудыг улам бүр бие биенээсээ хамааралтай болсоныг, баян ядуу, арсны өнгө, шашин шүтлэг, улс үндэстэн үл харгалзан бид нэг дэлхийн хүмүүс гэдгийг харуулаад байна. Энэ цаг үед бүх нийтээрээ эв нэгдэлтэй, хариуцлагатай байж халдварын эрсдлийг даван гарах шаардлагатай байна.
\Дэлхий нийтийг цочроосон цар тахалын үед Монгол Улсын маань нэрийг Монгол мал сүрэг өндөрт өргөлөө. Хүнд цаг үед хөрш улсдаа айлчлал хийсэн ганц улс Монгол Улс байж 30 мянган хонь бэлэглэхээр болсонд БНХАУ-ын ард түмэн тун их талархаж хүлээж авсан. Гэвч Монгол орны 10 гаруй аймагт цас их хэмжээгээр орсоноор зудын хэмжээнд хүрч, хаваржилт хүндэрч, олон малчид төлийн дуу цангинасан хавар цагт мал сүргээ алдсаар, цаашид ч алдах хүнд нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
Иймд малчиддаа болон эмнэлэг, цагдаа, цэрэг, нисэх хүчин зэрэг эрсдлийн үед нойр хоолоо умартан ажиллаж байгаа ажилтан албан хаагчиддаа, тусгаарлалтанд байгаа иргэддээ, нийт Монголчууддаа, Монгол туургатанууддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, нэг орой сэтгэлийн цэнгэл бэлэглэхээр урлаг, спорт, нийгмийн салбарын санаа нийлсэн залуучуудын төлөөлөл “Монголдоо Хайртай” аяныг санаачлан эхлүүлсэн юм.
Санаачлагыг Монголын рок поп хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон “НИКИТОН” хамтлаг дэмжин хамтран ажиллахаар болж, телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тоглолтонд МУГЖ, Зууны Манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг нар оролцоно.
Тоглолтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны 20:00 цагаас On&Off продакшны студийн тайзнаас “Боловсрол” суваг телевизээр Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Мөн Ard News, Монголдоо хайртай фэйсбүүк хуудсуудаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа, ӨМӨЗО-ны Хийморь IPTV-ээр, тус телевизийн Wechat-аар Өвөрмонголчууддаа нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэх юм. "Монголдоо хайртай" аяныг санаачлагчид Монгол эх орныхоо баялаг бүтээгч ТОП-100 ААН, компаниудын төлөөллийг энэхүү аяныг дэмжин оролцож, Монголчууддаа халуун гараа сунгаж, аяныг дэмжин оролцохыг уриалж байгаа юм байна.
Зочин · 2020/03/30