Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн өндөр авсан ам.дол­ларын ханшны нисэлтийг манайхан дор бүрнээ нэ­лээд цочирдож бас хан­шаа хазаарлаач хэмээн Монголбанк руу гомдлын захиаг өдөр бүр шахам нисгэж байлаа.

Муу л юм болбол хойд айлын хар овоохой гэдэг шиг Төв банкыг “төгрөгийн ханш­ны чангаралтад буруутгаж хав дарчихсан валютаа зах зээлд гаргаач, гүйлгээн дэх төгрөгийн хэмжээ эрс багасаж байна, хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт хэрээс хэтэрлээ” хэмээн үүглэцгээсэн ч эцэст нь нэг л зүйл гарцаагүй үнэн байв. Учир юу гэвэл, бид үйлдвэрлэгч орон биш. Өөрөөр хэлбэл, зайлшгүй манайд гадны мөнгөн дэвсгэртийн ханш өсөх нөхцөл бүрдчихсэн тийм л цаг үе өнөөдөр. Өчигдөр ч ийм л байсан. Яагаад ханш өсөөд байгаа шалтгаанаа олохгүйгээр дэмий хэн нэгэн рүү хашгираад тусыг эс олно. Энэ бүхэнд буруутгах хамгийн гол мэдээ нь Монгол Улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг гаднаас импортлож авч байгаа гол харлам дүн судалгаа.

Задлабал, элсэн чихэр болон бензин шатахуунаа 100 хувь,төмрийн үйлдвэрлэл болон химийн бүтээгдэхүүнийхээ 93-89 хувийг, модон эдлэл болон нэхмэл хувцасныхаа 83-62 хувийг, сүүнийхээ 74 хувийг гурилан бүтээгдэхүүнийхээ 41 хувийг гаднаас бид зөөж хэрэглэдэг байх юм. Хамгийн сонирхолтой нь архи, пиво согтууруулах ундааныхаа 84 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг. Гэхдээ бас яахав ээ, согтууруулах ундаагаа ч болов өөрсдөө хийчихэж дөнгөж байгаа нь бас их юм.

Угтаа бол дээрх гадны бараа бүтээгдэхүүнийг цөөлөх, импортын барааг орлох бүтээгдэхүүнээ бид үйлдвэрлэх түүнийгээ зах зээлдээ нийлүүлэх, далайцтайхан нүүж чадвал хоёр гуравдагч орон руу экспортлох бүрэн боломж манайд бий. Үндэсний хэмжээний сүү болон ноосон, нэхмэл хувцасны үйлдвэртэй болох түүхий эдийн нөөц манайд хангалттай. Төмрийн үйлдвэрлэл болон модон эдлэлээ монголчууд өөрсдөө хангах нөөцтэй. Гурил гурилан бүтээгдэхүүн бол манай үндэсний брэнд байх боломжтой. Тодотговол, бид үйлдвэрийн эзэн байх бүрэн боломж дунд амьдарч байна. Нэгэнтээ эдийн засгийн хэзээний ч билээ чуулга уулзалт дээр гаднаас ирсэн зочдод үг хэлэх боломж олдож Монголын толгой эдийн засагчдын нүүрэн дээр нэгэн эрхэм “Монгол бол эдийн засгийн өсөлтөө дотоодоосоо хангах бүрэн боломжтой үйлдвэрлэлийн бүс болох хамгийн тохиромжтой тэр чигээрээ атар онгон тал” гэж хэлснийг яагаад ч юм мартдаггүй юм. Тэрбээр санаагаа тодруулж Монгол Улсын давуу тал нь хүн ам цөөн, жижигхэн эдийн засагтай, хар, шар, цэнхэр алтны арвин баялагтай. Тэгэхээр үндэсний хэмжээний цөөн хэдэн том үйлдвэртэй байхад л хангалттай баян амьдрах тийм л хот улс. Байхгүйн зовлон гэж хэцүү. Танай улсад байхын зовлон гэж нэг зүйл байна. Байгаагаа хэрхэн зөв зохистой, иргэндээ ээлтэй байдлаар ашиглаж үйлдвэржих вэ гэдгээ тооцоолох нь хамгаас чухал. Төрөөс үйлдвэржилтийн орчин нөхцөл, хөрөнгө оруулалтыг таатай болгоход зоригтой алхам хийх хэрэгтэйг онцолж байсан. Хэдийгээр харийн хүний үг хатуу сонсогдож байсан ч төрийн төмөр нударга эдийн засгийн шинэчлэлийн орчинд зайлшгүй хэрэгтэй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чанга хатуу, зоригтой бүтээлч удирдагч хэрэгтэй байна. Үйлдвэржих боломжтой салбаруудад амбицтай эрхэм бус амьдралын хар барааныг мэддэг хүнийг ажиллуулж чадах хатуу гар л чухал байна. Ингэхгүйгээр бие биедээ найр тавьдаг, найз нөхөддөө тендер авч өгдөг, нялцгай бацаан нар иргэдийн толгой дээр байж боломгүй. Манай төрийн бодлогод жаахан харгислал үгүйлэгдэж байна.

Чингис хаан хэрхэн морь, хүн хоёроор дэлхийн талыг эзэлсэн бэ гэдгийн мөн чанар нь түүний харгис, шийдэмгий зангийн нөлөө байсан гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй. Дэлхийд агуу өөрчлөлтийг хийсэн бусад удирдагчидад ч харгислалын хэлтэрхий нэлээд байсныг түүх намтар, он цагийн бүтээлүүдээс нь харагддаг. Үүнээс улбаалан бодохуй манай Ерөнхийлөгч ямар хүн бэ гэх бодол эрхгүй төрнө. Тэр ярьж чаддаг. Сайхан ярьдаг. Энэ давуу тал. Харин монголчуудыг үйлдвэрийн эзэн байхад нөлөөлөх ганцхан л зан чанар дутаад байх шиг.

Гэтэл бас ч гэж оргүй шүү уг нь. Засгийн газраас Японы зах зээлд босгосон “Самурай” бондын хөрөнгө болон “Чингис” бондын үлдэгдлийг үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд зарцуулахаар шийдвэрлэсэн нь сайн ажил. есөн хувийн хүүтэй зээл олгож иргэдийнхээ үйлдвэрийн эзэн болох мөрөөдлийн гүүр болох гэж уралдуулж байгаа нь сайн ч ингэж тэгж байгаад намжих вий гэдгээс болгоомжлох юм. Үнэхээр бид үйлдвэржилтийг дэмжээд монгол хүн гар, тархи хоёроо хөдөлгөөд эхэлбэл юун ам.далларын ханш өсөхөд дээр дооргүй төр, төв банк хоёртой дайн зарлаад суух вэ дээ. Харин ч валютын өсөлт дотоодын үйлдвэрлэгчдэд ашгаа өгч импортын бараатай өрсөлдөх хаалгыг нээнэ.

Угтаа бид эрдэмтэдийнхээ үгийг сонсох урлагт суралцмаар. Тэд үнсээр цемент хийх боломжийг ярьж ундаа усны хуванцар аяга үйлдвэрлэх технологийг судалж, автобуснаас эхлээд ундаг дугуй үйлдвэрлэж эхэлсэн нь бахархууштай. Оймс, гуталнаас эхлээд дээл малгай хийх бол энүүхэнд. Тэгвэл өнөөгийн цөөн хэдэн үйлдвэрийн эздэд юу дутаад байна вэ. Тэд хийгээгүй биш хийж байна. Хэрэгцээтэй байгаа асуудлаа тэд тогтвортой, мэдээлжсэн зах зээл болон үйлдвэрээ өргөтгөх хэмжээний хөрөнгө оруулалт гэдэг юм билээ. Тэгэхээр бүтээх боломжийг нь иргэндээ өгөөд экспортын замыг нь төр засах хэрэгтэй юм шиг. Үнэхээр энэ байдлыг уялдуулж чадвал бидний өнөөгийн өвдөж өмрөөд байгаа өнөөх валютын ханшны өсөлт монголын зах зээлийн чөдөр тушаа болж харагдахаа болино. Тэгэхээр өрхийн үйлдвэрлэлийн царааг томосгож үндэсний хэмжээний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын тоог нэмэгдүүлье.

Өнгөрөгч оны тавдугаар сард Шадар сайд Д.Тэрбишдагва Бээжин хотод болсон Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралдааны үеэр нэгэн түүхэн ажил амжуулсан нь монголын худалдаа, эдийн засгийн хөгжилд ахиц авчирах далайд гарах шан татаад ирсэн. Монголчууд хятадын Тяньжин боомтод өөрийн эзэмшлийн 10 га газрыг ашиглах, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болсныг санаж байна. Энэхүү хэлэцээрээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч ажил хэрэг болж хэн гэж хүн ямар төрлий бараа бүтээгдэхүүнээ хэчнээн хэмжээгээр нь аль улсад гаргасныг харамсалтай нь мэдэх боломж олдсонгүй ээ. Тэгэхээр саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үгийг санахад илүүдэхгүй болов уу. Бидэнд далайд гарах гарц байгаа ч түүгээр тээвэрлэх бараа бүтээгдэхүүний нэр хаяг өнөөдрийг болтол тодорхойгүй байна. Ам.долларын ханш чангарлаа хэмээн өвөр зуураа уралцаж суухаар экспортод гаргаж ашиг олох бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэе. Ингэж чадвал залгидгийн гэрт хоолгүйн үлгэр болохгүй бус уу.

М.МӨНХТУНГАЛАГ