2020 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сар үлдлээ. Одоогийн эрх барьж буй намын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэр биелэв. Тэд бол бид мөрийн хөтөлбөрийнхээ 80 хувийг биелүүлсэн хэмээн үзэж, сонгуулийг хойшлуулахгүйгээр хийх боломжтой гэж үзэж буй. 

2016 оны сонгуульд МАН "Бид хамтдаа чадна" уриатайгаа сонгуулийн ерөнхий хороогоор хөтөлбөрөө дэвшүүлсэн бол АН "Монгол хүн 2020" нэртэйгээр хөтөлбөрөө батлуулж байсан юм.

 

Тэд иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ.  Харин тэд эрх баригч нам болсноор шинэ төрлийн татварыг нэмж, Татварын багц хуулийг батлуулсан билээ. 2019 оны нэгдүгээр сараас есөн төрлийн татвар нэмэгдэж ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлсэн. 

 

Мөн бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн нь цонхны цаанаас мөсөн чихэр долоолгосон зүйл болсныг наймаа эрхлэгчид андахгүй. Одоогийн бадйлаар шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор зарим газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод гурван сар болж байгаа юм. Энэ хугацаанд иргэдээ дэмжсэн дорвитой арга хэмжээ авсангүй. Ерөнхий сайд сүрхий гоё шийдвэрийг танилцуулсан ч эцэст нь УИХ-аар батлагдан хэрэгжихдээ өнгө зүсээ хувиргасан шийдвэр болсныг хэн хүнгүй харлаа. 

Түүнчлэн боловсролын салбарт сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Гэтэл өдгөө гурван ээлжээр хичээллэдэг сургуультай, цэцэрлэг нь багачуудад хүрэлцэхгүй "сугалаа" гэгчээр элсэн орж чадахгүй хэвээр байгаа. 

Өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, орлого багатай иргэдээ төрөөс тэтгэнэ, Монгол төгрөгийн ханш уналтыг зогсооно гэсэн нь биелэсэнгүй. Төгрөгийн ханш 2016-2020 оны хооронд 42 хувиар унасан нь иргэдийн цалин хангамж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүдийг дэмжиж, орлоготой байлгаж, ажлын байрыг нь хадгалж, НДШ-ийг нь тухайн байгууллага нь 3 жилээр төлнө гэсэн нь хяналтгүй байна. Хувийн байгууллагууд хуулийг нь биелүүлэхгүй байгаагаас олон ээжүүд тэдний амлалтын цоорхойд хаданд хавчуулагдан үлдсэн.

Орон сууц худалдан авч чадахгүй байгаа иргэдийг хашаандаа амины орон сууц барьвал ипотeкийн зээлд хамруулна, тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг төр даана, хувийн хэвшлийг бүх талаар дэмжих, ЖДҮ, өрхийн бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  21 аймагт импортыг орлох 100 үйлдвэр барина, залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулна. Орон сууцны түрээсээр урьдчилгаанд тооцуулдаг болно гэсэн байна нь өдгөө бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Ипотекийн зээлийг нь арилжааны банкинд танилгүй бол авч чадахгүйн улмаас зорилтод хүмүүстээ очоогүй. Олон залуу гэр бүлүүд өнөөдөр энэхүү зээлийг хөөцөөлдөөд орон сууцтай болж чадахгүй байна. Арилжааны банкууд нь өдгөө тус зээлийг санхүүжилт байхгүйн улмаас зогсоочихсон гэв. 

Олонхийн саналыг авсан намын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр хэрэгжсэнд та ч бас өрөийн оноогоо өгнө биз ээ.