Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын 84 бүс нутагт коронавирусний халдварын 9974 шинэ тохиолдол илэрч, 93 хүн нас барсан бол 5527 эдгэрсэн гэж тус улсын шуурхай штаб мэдээллээ.

ОХУ-д тавдугаар сарын 2-ноос хойш анх удаа өдөрт 10 мянга хүрэхгүй шинэ тохиолдол илэрсэн бөгөөд шинээр халдвар авсан хүний тоо гурав дахь өдрөө дараалан буурсан байна. Тавдугаар сарын 11 -нд 11 656 хүн халдвар авсан бол тавдугаар сарын 12-ны 10 899, тавдугаар сарын 13-нд 10 028 шинэ тохиолдол илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 4712 нь Москва хотод, 918 нь Москва мужид, 460 нь Санкт-Петербургт үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын тал гаруй хувь нь шинж тэмдэггүй байсан байна.

ОХУ-д коронавирус тархсанаас хойш 252245 хүн халдвар авч, 53530 хүн эдгэрсэн бол 2305 хүн нас баржээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг