Цахим хэрэглэгчид хөнгөн зугаа болгож  нас, хүйс, өмнөх насандаа ийм хүн байсан гэх зэрэг сонжоог ихээр үздэг билээ. Тэгвэл энэ нь  өөрийнхөө цахим мэдээллийг алдах нэг үндэслэл болж байгааг тэр бүр мэддэггүй байна. Хэрвээ ийм сонжоо үзэж, “зугаацсан” бол цахим орчинд хэрэглэгч та өөрийн нууц үгээ солих хэрэгтэй. Эс бөгөөс хувийн мэдээллээ алдах эрсдэл өндөр байдаг.   Бид сэрэмжлүүлэх зорилгоор өдгөө шүүхийн шатанд байгаа нэг хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна.

Т.О, Г.Э нар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “...” сайт нь хувь хүний нууцыг хууль бусаар олж авч, бусдад дамжуулсан байж болзошгүй байна” гэж гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасан байна. Өргөдлийн дагуу 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувь хүний нууцад халдсан үндэслэлээр хэрг бүртгэлтийн хэрэг нээж хохирогчоор тооцож мэдүүлэг авсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад  “...” сайтын захирал А.Ш- нь цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ техник хэрэгсэл бэлтгэж, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн талаар үйл баримт тогтоогдсон учир прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба дээрх нэр бүхий 122 хүнд программыг зарж борлуулсан болох нь тогтоогджээ.

Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй  Монгол улсын иргэн  А.Ш нь 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж байгаа  “...”  вэб сайтаар дамжуулж, өөрийн зохион бүтээсэн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан байжээ.

Түүний энэ гэмт хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.” Гэх үндэслэлээр прокурорт буцаасан.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрлөн байцаалтад буцаагаад байгаа.

Тиймээс иргэн та цахим орчинд өөрийн нууц үгээ алдахаас сэрэмжлэх хэрэгтэй бөгөөд  тогтмол хугацаанд сольдог болох хэрэгтэй. Эс бөгөөс цахим халдлагад өртөж, эрсдэл үүрэх магадлал өндөр болохыг сэрэмжлүүлж байна.