Дэлхийг тойрон аялах тоглолтын хугацаандаа цар тахлын улмаас түр зогсолт хийсэн “The Hu” хамтлаг улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөхөөр онлайн тоглолтын бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ.

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т зургадугаар сарын 23-ны мягмар гарагт хийхээр болсон байна.

“COVID-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан, иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулж байгаа юм.

Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэхээр болжээ. МҮОНРТ-ээр шууд дамжуулан дунджаар хоёр цаг орчим үргэлжлэх тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.