Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь хууль зөрчиж, хариуцлага алдсан,хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр огцрох ёстой гэж  УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж хаврын чуулганы нээлт хийдэг өдөр  УИХ-ын даргад тогтоолын төслийг өргөн барьсан.   Ингэхдээ  Х.Тэмүүжинг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 38.2 дахь заалтад заасны дагуу огцоруулах  нь зүйтэй гэж үзсэн юм.  Тэгвэл  Х.Тэмүүжин ямар хууль зөрчсөн бэ? Түүнийг огцоруулах үндэслэлүүд чухам юу байсан бэ?  

 Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлэгийг зориулалтын бусаар буюу албан тасалгаа болгон ашиглах шийдвэр гаргасан.  Өөрөөр хэлбэл  ТТАХНЭ-ийг өргөтгөх  хэрэгтэй хэмээн  уг зориулалтаар улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө баталсан байдаг.  Гэтэл  үүнийг  нь  Х.Тэмүүжин  өөрчилсөн.   Үүнийг хуулийн  зүйл заалтаар тайлбарлавал Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 зүйлийг тус тус зөрчсөн юм.  Хууль зөрчсөн энэ үйлдэлтэй  холбоотойгоор 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий аппарат 00 зогсолт хийхэд хүрсэн.  Уг нь эмнэлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглаад,  3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий  аппаратыг  ажилд оруулсан  бол өнөөдөр  зардлаа нөхөж,  улсын  төсөвт  тодорхой хэмжээгээр нөлөөлөх байсан нь үнэн.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн ажлаа хийж чадахгүй байгаа дараагийн үндэслэлийг гэмт хэргийн тоо нэмэгдсэн нь хууль зүйн салбарыг удирдах чадвар мөхөстэй шууд холбоотой гэдгийг О.Баасанхүү гишүүн онцолсон.  Өөрөөр хэлбэл 2011 онд 19 мянга 197 гэмт хэрэг улсын хэмжээнд бүртгэгдэж байсан бол 2012 онд 22 мянга 89, 2013 онд 25 мянга 312 болж нэмэгдсэн байна.  Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайд болсноос гэмт хэргийн гаралт 6165 хэргээр огцом өссөн гэжээ.  Нөхцөл байдлыг зөвхөн нэг сараар нь харьцуулж үзвэл улсын хэмжээнд 2327 гэмт хэрэг 4295 болж 84.5 хувь нэмэгдсэн гэсэн байна. Нас барсан хүний тоо 134 байснаа 326 болж 2.4 дахин нэмэгдсэн.  Гэмт хэрэг үйлдсэн хүний  тоо 1657 байсан бол 3047 болж  1.8 дахин өссөн байна.

Энэ мэтээр  Х.Тэмүүжин сайдын  нотой үйлдэл  нэгээр дуусахгүй.   Тухайлбал хүүхдээ сэжиг бүхий үрчлүүлсэн,  хар тамхины хэрэгт холбоотой байж болзошгүй, одоогоор мэдэгдээд байгаагаар  улсаас  гурван  төрлийн цалин авдаг /сайдын,  УИХ-ын гишүүний,  МУИС-иас50 хувийн  багшийн цалин авдаг/ гэх мэтчилэнгээр түүний ёс зүйгүй үйлдэл нэгээр дуусахгүй гэдгийг эх сурвалжууд хэлдэг.

О.Баасанхүү, Х.Тэмүүжин  нарын  зөрчил хэзээнээс эхлэлтэй вэ?

МУИС-ийн  Хуулийн сургуульд  суралцаж, номын ах дүүс гэж хэлж болох тэд уг нь зөрчилдөөд байхаар  зүйл байхгүй мэт. Үнэн хэрэгтээ зөрчилдөөн нь  О.Баасанхүүг УИХ-ын гишүүн болсон  тэр үеэс эхэлсэн бөгөөд  үүнд нь хувь хувьсгалын олон шалтгаан байсан гэдгийг  учир мэдэх нэгэн нь хэлдэг юм билээ.  

Тэгвэл Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүд огцоруулах сонирхолтой байна уу эсвэл үгүй юу?

АН-ын бүлэг  Х.Тэмүүжинг  огцоруулах асуудалд  нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй  хэмээн сэтгүүлчдийг халгаасангүй.  Харин МАН-ын зүгээс Хууль зүйн сайдыг огцруулах асуудалд бүлгийн зүгээс нухацтай авч үзэх ёстой хэмээн бөөрөнхийлөв. Энэ удаад Шударга ёс эвслийн бүлгийнхэн  Х.Тэмүүжин сайдыг огцоруулах асуудалд бөөрөнхийлж чадаагүй.  Учир нь   “Шударга ёс” эвслийн бүлгийхэн дотроо хариуцлага тооцох ёстой, ёсгүй хэмээн  санал зөрөлдөж байгаа бөгөөд нэгдсэн байр сууринд хүрээгүй   байгаа юм билээ.  

Өчигдөр байнгын  хороогоор  хэлэлцэгдэж, завсарлага авсан  энэ асуудал  хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа.  Тэгэхээр Х.Тэмүүжин тайлбараа хэр сайн хийх, О.Баасанхүү үндэслэлээ хэр хийхээс асуудал  шийдэгдэх нь тодорхой боллоо.  

А.Баярмаа