Засвар механикийн заводын уран дархчуул шагнагдлаа
2020/08/17
Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн зарим ажилтан, уран дархчуулд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мөнгөн шагнал гардуулж, баяр хүргэлээ. Үйлдвэрийн хэрэгцээт чухал захиалгат ажлыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд ур ухаанаа дайчлан, хичээл зүтгэл гарган ажиллаж буйг нь үнэлж, тус хэсгийн ажилтнуудыг ийнхүү шагнасан байна. Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар, уран дархан Л.Авъяандүр, Г.Эрдэнэбаатар, Ц.Мөнхтогтох, А.Ганзориг нарын 12 ажилтан шагнал гардав. Шагналыг Урлан бүтээх хэсгийн ажлын байранд гардуулах үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Засвар механикийн завод нь Монгол улсын хүнд үйлдвэрийн суурь болж, улс орны, тэр тусмаа уул уурхайн салбарын хэрэгцээнд чухал шаардлагатай эд анги, сэлбэг хэрэгслийг чанарын өндөр түвшинд хийх эхлэл Урлан бүтээх хэсгээс эхтэй гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндийг өсгөх, улмаар нүүр царайг илэрхийлэх чухал ажлыг та бүхэн хийж байна. Тиймээс та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг урамшуулж, цехийн байранд ирж гардуулж өгч байгаадаа баяртай байна. Санаачилгатай, бүтээлч ажилтнуудаа бид үргэлж дэмжинэ. Та бүхэнд ур чадвар, дадлага туршлага, “дархан хүн бурхан ухаантай” гэдэгчлэн ухаан, авьяас бүгд цогцолж, тархи оюун, гараараа урласан бүтээлүүд Эрдэнэт үйлдвэрийг илэрхийлж буйд таатай байна” хэмээн тус хэсгийн ажилтнуудад хандаж хэлсэн.
“Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсэг нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас баталсан төлөвлөгөө болон бусад цех, нэгжүүдийн захиалгаар зэс домбо, аяга, цом, жааз зэрэг бэлэг дурсгалын 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Уурхайчдын бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв маягтай хослуулан хийсэн шинэ загварын бүтээгдэхүүнүүд нь захиалагч, хэрэглэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа” гэж Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар ярилаа.
Фото Б.Баттөгс