Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно
гэж мөрийцье. Эдийн засгийн нөхцлүүд хэдийн
бий болчихсон, одоо улстөрчид л ажлаа хийх
үлдлээ. Яагаад гэвэл гаднаа туурга тусгаар
мэт Монгол улс хүсээгүй хэрнээ улам бүр
Хятадыг даган самбаганах боллоо.


Ийм хоёр өгүүлбэрээр эхэлсэн нэг нийтлэл олж хараад С.Балмасов гэж хэн бэ? гэж хайлаа. Тэрээр нилээдгүй ном гаргасан тэр дундаа “Цагаантны эсрэг цагаантан” хэмээх номондоо 20-р зууны эхэн үеийн Монгол, Хятад болон Оросын түүхийг их нухацтай бичсэн хүн юм байна.

Олон жилийн өмнө Гарри Каспаров “Плэйбой” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Монголыг Хятадад нь өгчихвөл таарна” гэж хэлсний төлөө бид энд боож үхэх шахаад өнгөрч билээ. Түүн шиг энэ хүний эсрэг хариу үйлдэл хийхээ урьтал болголгүй түүний бичсэнийг харин бодож үзмээр санагдав.

Түүний бичсэн зүйлс маш үнэн талдаа боловч цаанаа бол Орос орон 1991 он хүртэл атгандаа байсан Монголоо Хятадад чимээгүй алдаж байна гэж өөрийнхөө төр засагт хэлсэн санаатай ажээ.

Одоо Улаанбаатарт 30 гаруй Хятад сургууль байгаа нь бидний нүдэн дээр Орос хэлийг тэд шахан зайлуулж байна  … гэх буюу Орос руу төмөр зам тавих бодлогыг ихэд дэмжсэн хуучин эзний, их гүрний л өнгөтэй нийтлэл байх ажээ. Тэрээр Одоо Монголын экспортын 70 хувь нь Хятад руу чиглэсэн. Энэ тал дээр хятадууд Оросыг ардаа хол хаячихлаа… Европын бараг талтай тэнцэх газар нутагтай, асар уудам энэ улс маш цөөн хүн амтай, ердөө л 2,7 саяулаа. Өөрөөр хэлбэл нэг монгол хүнд 520 хятад оногддог… Иймээс нэгэн сайхан өдөр хятад луу Монголыг зүгээр л “идчихнэ” гэж Улаанбаатар эмээж байна… Хамгийн гол нь энд ураны асар их буюу 1,3 сая тонн нөөц бий. Эдгээр түүхий эд ОХУ-ын сонирхлыг их татдаг… Түүнээс гадна Хятад улс олон зуун оюутанд тэтгэмж өгөх зэргээр аажим аажмаар Монголын сэхээтнүүдийг аргандаа оруулж байна. Ингэснээр Дундад иргэн улс маргааш Монголд өөрийг нь дэмжих эрх баригчидтай болох юм…гэх мэтээр бичжээ. Бас тэрээр Хаан банкны захирал Питер Морроу гэх мэт хөндлөнгийн хүмүүсийн үгийг ч иш татсан байх юм.

Ганц энэ хүн ч биш Оросын олон нийтлэлчид Хятад луу шүдээ гаргаж эхэллээ гэж бичицгээж байгаа билээ. Ихэнх бичлэгийг харахад дандаа л бид Монголоо Хятадад алдаж байна гэсэн өнгө аястай байх юм билээ.

Өөрийхөө өмсөж байгаа хувцас хунар, эдлэж байгаа хогшилыг харахад л энэ бүхэн үнэн билээ. Хоол хүнс, хувцас хунар ч дүүрч манай томоохон компаниуд Хятад далд эзэнтэй болж байгаагаар зогсохгүй нээрээ ч сэхээтний шинэ давхаргыг тэд бэлтгэж байж болох талтай. Залуучууд бидэн шиг Хятадад тийм муу гэж үү гэж асуувал хариулахад тун бэрх.

Манай кино урлагийн томхондоо ордог найруулагч, жүжигчид Хятадын хөрөнгөөр кино хийж Хятад кинонд тоглоод эхэлчихлээ. Өнөөдөр Хятад кино бараг л Холливудын ард орж ирлээ. Хонг Конг кино Хятад болж өнөөх алдартай Чэки Чан Хятаддаа асар том кино студи бариад кино хийгээд эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гарч байгаа Хятад кинонууд Японы милатиризмыг илт шүүмжилсэн үндэсний үзэлтэй болоод ирлээ.

Чингис хааны тухай ч тэд хэд хэдэн кино хийсэн цаашид ч бүр хүчтэй хийх гэж  байна. Манай залуучууд “Нууц товчоог” Хятадын олон ангит киногоор л ойлгож авсан гэж би боддог. Өөрсдийнхөө гүн ухаантан Чанчин Бумбын тухай кино хийж түүндээ Чингис хааныг хавчуулж байх жишээтэй. Энэ талаар их юм бичиж болно. 

Залуучууд Орос хэл мэдэхээ байж. С.Балмасовын бичсэн үнэн бол 30 гаруй Хятад сургууль манайд бий гэнэ. Тэгвэл Орос сургууль одоо хэд үлдсэн билээ? Тэр сургуульд сурч байгаа хүүхдүүд ердөө хэдхэн жилийн дараа манай голлох сэхээтэнгүүд болж ирнэ. Өнөөдөр ямар ч залуу Бээжин орчихоод ирэхдээ бараг л өөр улсад очоод ирлээ гэж бодохоо байжээ. Залуу ч гэх юм байхгүй хөгшин залуугүй Эрээнээс эхлээд Бээжинг өөрийн улсын хот  шиг л үзэх нь холгүй болжээ. 

Нео фашист гэх үндэсний үзэлтэнгүүд Хятад гуанзыг айлгаж байгаа гэх ч хэрэг дээрээ аяга тавагийг гялгар уутаар боох зэргээр тэднээс санхүүжилт авдаг болоод уджээ. Уг нь ийм байгууллагыг хятадын аж ахуйн нэгжүүд биш төр далдуур ч хамаагүй санхүүжүүлэх ёстой юм шүү дээ. Японд якузаг төр нь далдуур дэмждэг юм билээ.

“Хөөж биш хүлээж гүйцдэг” арга бол Монгол ухаан гэхээсээ Хятад ухаан байх бүрэн магадлалтай. Нэг хүнд 520 хүн оногддог юм бол өмнөх хөршөөс өөр манайд юмаа борлуулах зах зээл бараг байхгүйтэй адил. Байгаа гол юм нь өнөөдөр ч тэдэнд л өгдөг юм хэдийнэ болжээ. Ноолуур, ноос за тэгээд газрын баялаг бүгд зөвхөн урагшаа л урсдаг болоод удсан. Махны үнийг хүртэл Хятадууд зохицуулах нь холгүй болсон шүү дээ.

Улс төрчдийн ихэнх нь урд талтай холбоотой нь бүр энгийн юм болж хувирсан. Хууль зүйн сайд байсан хүн хүртэл “тагнуулаараа” дуудуулаад байхад бүр хэн ч тоохоо больжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотыг хархад жирийн л нэг Хятад хот харагдах болж. Баярын торт шиг дуурийн театр, хээтэй авдар шиг 40 мянгатын хэдэн хуучин байшин. Шал Орос 3-р хорооллыг  эс тооцвол шүү дээ.

Өнөөдөр бидний ярьж бичиж байгааг харвал бие биенээ Хятадын эрлийз гэж гоочлохоос цаашгүй. М.Энхсайхан гэж анхны ардчилсан ерөнхий сайд байсан хүн ийм хочтой болоод улс төрөөс зайлуулагдсан гэхэд огт хилсдэхгүй. Оросыг сайн маажвал Монгол гарч ирнэ гэдэг. Бат хааны үеэс Монголчууд дээд давхаргын Оросуудтай цус холилдсон болоод тэр. Түүхч Н.Гумалёвын өгүүлсэнээр бол Оросын бараг л хамаг сэхээтэн давхарга Монгол овогтой ажээ. Арсейны, Ахматов, Бунин, Булгаков, Тургенэв, Шерметов, Мичурин, Бухарин…гэх мэтээр хөврөх аж. Тэгвэл манай сэхээтнүүд ямар цустай вэ гэхэд бас л сонин мэдээлэл гарч ирнэ. Ба-лингын Цэрэндоржоос эхлээд л Хятад цустай улс их олон. Харин энэ талаар тоймтой судалгаа байхгүй. Ховдын хязгаар Нийслэл хүрээ тэр аяараа Хятадуудаар дүүрсэн байсныг захын түүхийн ном дэлгэхэд л бэлэн харж болно. Энэ төвүүдэд л манай сэхээтнүүд байсан. Оросууд Чингисын удмын цагаан яст дээдсийг, лам хуварга нартай нь  хүйс тэмтэрч дууссаныг бүгд мэдэх хойно. Ю.Цэдэнбал Хятадын эсрэг үзэлтэн байсан болохоор бид эгээтэй л Оросын нэг муж болчилгүй өнөөг хүрсэн билээ. Гэтэл 1990 оноос хойш хүйтэн дайн дуусч харин эдийн засгийн дайн эхэлж тэр дайнд Хятад улс гарамгай ялалт байгуулсаар байна. 21-р зуун Хятадын зуун гэж хэн ч эргэлзээгүй ярих болоод удсан.

Аливаа зүйл ямагт  хоёр талтай байдаг. АНУ гэхэд хар тамхины бизнесийг төрийнх нь оролцоод хийдэг, цагдаа нь илрүүлээд тэднээс хахууль авдаг сүлжээтэй  болохоор түүнийхээ рекламыг харин эсрэгээр хийж тийм киног төр нь хүртэл санхүүжүүлдэг байх юм. Хүн угаасаа хорисон юмыг илүү сонирходог зантай. Тэгвэл Хятад улс яахаараа өөрсдийг нь үзэн ядаад байгаа биднийг огт тоодоггүй харин ч бүр чимээгүй суугаад байдаг нь бүр ч харин. Эсрэг сурталчилгаа бол айдас хүйдэс бий болгох сайн арга гэж бодож байх ч  талтай. Хятадын эрлийз мөн биш тухай яриа манай гол яриа тэр дундаа улс төрийнхнийг унагах гол зэвсэг болжээ. Энэ нь цаанаа мангасын эрлийз гэсэнтэй агаар нэг билээ.

“Алалцаж байгаа баруудыг дээрээс нь харж суу” гэдэг Хятад ухаан биз дээ. Бид бие биенээ өөрсөдтэй нь эрлийз, эрлийз биш гэж хэрэлдэж байхыг хөх инээд нь хүрээд л дээрээс нь харж бүр даамжируулж ч суухаасаа сийхгүй улс шүү дээ. 

Хоёр зуугаад жил биднийг эрхэндээ байлгасан Хятад 100 орчим жил эрхэндээ байлгасан Орос хоёр улсын бодлого явдагаараа явж л байгаа хэрэг. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэж энэ .

Монголыг геополитикийн гол чухал объектуудын нэг хэмээн анхааралдаа авах хэрэгтэй. Энэ улс газарзүйн байрлалын улмаас Орос, Хятадаас бүрэн хамааралтай байсан. Одоо ч эдгээр орон чухал үүрэгтэй хэвээр. Яагаад гэвэл Монгол улс олборлосон байгалийн баялгаа гадагш гаргахын тулд Москва, Бээжинтэй тохиролцох ёстой…гэж С.Балмасов цохон тэмдэглээд өнөөх эхэнд дурдсан хоёр өгүүлбэрээ бүр хүчтэй болгоод нийтлэлээ өндөрлөжээ.

“Монголчууд эвтэй  байхдаа хүчтэй” гэсэн үг өнөөх Н.Энхбаярын үг болж орхиод ардчилсан талын хүн тэр үгийг хэлчихвэл Н.Энхбаярын хүн болчих гээд өмнө нь хамт хэлээд явсан  МАН-ынхан ч хэлэхээ байж. Үгийг хүртэл хэн нэгэнд өмчлүүлчихээд сууж байхдаа ч яахав дээ. Эвтэй байх гэдэг үг ч биш үзэл суртал мөнөөсөө мөн билээ. Эвтэй байна гэдэг хоорондоо төдийгүй хорвоо ертөнцтэй ч эвтэй байж хүчтэй байх нь ойлгомжтой баймаар. 

Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Гэтэл энэ интернэт гэгч  дэлхий даяар цуурч болдог газар гэдгийг хүн бүр анхаарах хэрэгтэй. Гуугл транслэйтээр ямар ч хэл мэдэхгүй хүн ядаж юун тухай бичсэн бэ гэдгийг мэдэж болдог болсон цаг.

Хэдүүлхэнээ байж хэрүүлээс өөр авъяа гэсэн ч авъяасгүй байж арай л болохгүй цаг иржээ. 

Герман, Франц Английн дунд орших Бельги оронд НАТО, Ервопын холбоо байрлаж байх юм. Люксенбург гэх бас л олон улсын дунд орших жижиг хот улсад хамгийн найдвартай банк байх юм. Швейцарь гэж бас л 3 хэлтэй орон банкаараа тусгаар тогтнолоо баталгаажуулсан байдаг.

Гэтэл манайх авилгаараа л алдартай орон болж. Бараг бүх төрийнхөн гадаадад нууц данстай гэх.

Эцэст нь эртнээс бодож явдаг нэг санааг хавчуулахад хэрвээ манай улс төрчид гадны орноос хөрөнгө мөнгө босгож чадсан бол түүнийхээ 10 хувийг өөрөө ил авдаг хуультай болж яагаад болдоггүй юм болоо? Дэлхий даяар зуучлалын хөлс 10 хувь байдаг шүү дээ. Нээрээ бидэнд хэрэгтэй юм хийсэн хүн 20 хувиа ч авсан яадаг юм бэ. Олсон хүндээ ч ашигтай олууланд нь бүр ч ашигтай баймаар юм. Тэгвэл бид жинхэнэ авилгагүй орон болчих юм бишүү? Санжийн Баярыг “Оюу толгойг” хөдөлгөсөнийхөө шанд баахан авилга авсан гэж хардаад л байх юм. Шууд ил цагаан тохирсон хувиа авдаг бол хэн ч гэсэн улсаа өөд татах уралдаанд ханцуй шамлаад орох бусуу? Тэгвэл бидэнд нууж хаах юм ч үгүй болж буянтны хишигийг бултаараа хүртэхээс гадна “мангасын эрлийз” энэ тэр гэж хардахаа болих юм бишүү? 

Төрөөр бизнес хийж болохгүй, ийм хуультай орон хаана ч  байхгүй гэж төрийнхөн хариулах биз. Тэгвэл яагаад төр рүү ингэтлээ зүтгээд байгаа хэрэг вэ? Одон өгсөн болж Эгог нь цатгадаг үе хэдийнээ шог болсон. Чингис хааны үед гавъяа байгуулсан хүнийг олон удаагийн ял цаазаас хэлтрүүлдэг “Их засаг” гэх хуультай байсан юм бишүү? Өөр улс орон өөр л байдаг юм байгаа биз бид яагаад ийм сайхан шударга хуультай орон болж болдоггүй юм бэ? 

Нууж хулгайлж, тэндэрдэж, авилгадаж авсанаас хувиа хүртээд сайхан суусан нь хэн хэндээ өлзийтэй санагдах юм даа. Ил авсан хүн ядаж АНУд байшин худалдаж авахгүй эндээ л бариулна биз дээ? Түмэндээ тус хийсэн хүн том ордонд амьдарч л байг л дээ. Өөртөө ч амар өрөөлийн ч нүдэндээр биш үү? Орос Хятад хоёроос салаад гэрээ нүүлгээд явж чадахгүйгээс хойш хэн нэгэнтэй нь эрлийз хурлийз гэж хардаж суухаар ил тод байвал хамаагүй дээр санагдах юм даа.

Ганц Орос Хятад ч биш дэлхий тэр аяараа хавтгай болсон гээ биз дээ?
 

Д.Төрмөнх