Ахынхаа өмнөөс хэрэг хүлээсэн гэх Б.Төмөршагай шоронгоос захидал илгээжээ
2014/04/16
Хэргийг эргэн сануулбал:
Талийгаач Ө.Алтанзулыг 2012 оны аравхоёрдугаар сарын 15-ны орой найз залуу болох Б.Төмөрбаатар дуудаж цугтаа Баянзүрх дүүргийн V хороонд орших гэрээс нь холгүй “Цайз караоке” бааранд орсон байдаг.
Найз залуу болох Б.Төмөрбаатар тухайн үед хоёр найзтайгаа хамт явж байсан бөгөөд орой 23.00 үед баарнаас гарсан байна. Энэ хэргийн талаар тухайн бааранд ажиллаж байсан гэрчүүд мэдүүлэхдээ “Тэд дөрвүүлээ орж ирсэн. Баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан. Харин цуг явж байсан Ө.Алтанзул эрүүл гарсан” гэж мэдүүлэг өгчээ. Тэд бааранд сууж байхдаа Б.Төмөрбаатар агсам бусаддаа агсам тавьж пиво, архины шил хагалж танхайрч байсан тухай ч мөн мэдүүлэг өгсөн байдаг. Баарнаас гарсаны дараагаар 03.00 цагийн дараа Б.Төмөрбаатар дүү болох Б.Төмөршагайруугаа утасдаж “Зулаа эгч архи маш их ууссан. Согтуу ухаангүй байна. Чи ирээд аваадах” хэмээн ярьсан байна. Б.Төмөршагай талийгаачийг өргөж явах замдаа хоёр удаа халтирч унасан хэмээн эх сурвалж мэдээлэлээ.
Б.Төмөршагайг очиход гудамжинд ах нь хоёр найзын хамт согтуу байсан бөгөөд талийгаач Ө.Алтанзул ухаангүй хэвтэж байсан аж. Ингээд Б.Төмөршагай талийгаачийг үүрч өгсүүр замаар аавынх руугаа явах замдаа хоёр удаа унагасан хэмээн мэдүүлжээ. Одоо хэргийн гол буруутан нь Б.Төмөршагай болж ахынхаа өмнөөс ял эдэлж байгаа юм байна.
Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй, хэрэг үүрэх чадваргүй нэгэн гэнэ. Талийгаачийг аавындаа авчирахад ухаан орохгүй байсан аж. Тиймээс Б.Төмөрбаатар хамт явсан найзууд болоод гэрт байсан хоёр эрэгтэй дүүгийнхээ хамтаар найз бүсгүйнхээ бүх хувцсыг тайлж, гадаа авч гаран бие бие рүүгээ савлуулан, ухаан орохгүй болохоор нь цасан дээр хэвтүүлж, хүйтэн ус цацсан байна.
Энэ тухайгаа хавтаст хэрэгт “Ухаан оруулахын тулд түүнийг цасан дээр өнхрүүлсэн. Тэгээд сэргэхгүй болохоор нь ухаан оруулахын тулд гэртээ оруулаад орон доогуураа хэвтүүлэн хаяаг нь сөхөөд хонуулсан” хэмээн мэдүүлжээ. Талийгаач ийм байдалтай найз залуугийнхаа аавын гэрт хоёр хоносон байна. Хоёр хонуулсны дараа эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадаагүй байна. Харин Гэмтэлийн эмч нар гадны нөлөөтэй нас барсан гэдгийг хэлжээ.
Энэ үеэр талийгаачийн ар гэрийнхэн охиноо чимээ сураггүй алга болж, гэртээ ирэхгүй болохоор нь гар утас руу нь өдөр шөнөгүй залгаж байсан ч утас нь нэг бол дуудаад авахгүй, эсвэл холбогдох боломжгүй байсан гэнэ. Найз залуу Б.Төмөрбаатарынх нь гэрээр удаа дараа очсон ч эзэнгүй байсан аж.
21 настай бүсгүй баарнаас гараад гэртээс харих замдаа зулай цоорсон, тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй байсаар байгаад 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө учир битүүлгээр нас барсан.
Төрсөн ахынхаа өмнөөс дүү нь хэрэг хүлээж шоронд хоригдож байна
Хэргийн анхан шатны шүүх хурал 2014 оны хоёрдугаар сарын 3-нд болж, шүүхээс талийгаачийн найз залуу болох Б.Төмөрбаатарын төрсөн дүү Б.Төмөршагайд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар 2.6 жилийн хорих ял оноожээ. Б.Төмөршагай нь талийгаачийг үүрч яваад унагасан нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж үзсэн байна. Харин талийгаачийн найз залуу Б.Төмөрбаатар болон түүнтэй хамт явсан гэх Доржжагдаг, Одгэрэл нарт хариуцлага тооцох нь бүү хэл сэжигтнээр ч татаж шалгаагүйд хохирогчийн ар гэрийнхэн ихээхэн гомдолтой байгаагаа хэллээ.
Талийгаачийн эгч Б.Отгонбаяр “Энэ хэргийн жинхэнэ эзэн нь Б.Төмөрбаатар. Хэргээс мултрах зорилгоор бүх хэргийг дүүдээ тохсон. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч Анхбаяр болон прокурор Даваасүрэн нар энэ хэргийн үнэн мөнийг олох сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас хэргийг гүйцэд шалгаагүй. Хамт явсан хүмүүсээс нь байцаалт аваагүй” гэв. Мөн Хяналтын прокурор нь эл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэнд өчнөөн нотлох баримт байсаар байтал шүүхийнхэн хэтэрхий нэг талыг барьж ажилласаар 2 жилийн хугацаа өнгөрөөд байна.
Харин саяхан Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Б.Төмөрбаатар болон түүний хамт явсан хоёр найзыг сэжигтэнээр татан шалгахаар болсон байна. Мөн одоогоор урьдчилан хориход хоригдож байгаа Б.Төмөршагай тухайн өдөр болсон хэргийн талаар болон ахынхаа талаар шоронгоос захидал бичлээ. Энэхүү захидлыг манай сайт бүрэн эхээр нь хүргэж байна. Мөн талийгаачийг нас барсаны дараагаар хийсэн шинжээч эмчийн дүгнэлтийг мөн хавсарган хүргэж байна.
Захидалд ингэж бичжээ
“Бат-Эрдэнэ овогтой Төмөршагай миний бие дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхээс гарсан 200 дугаар тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94-р зүйлийн 94,1-р зүйлээр 2 жил 6 сарын хорих ял оногдуулсныг үл зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.
1. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр талийгаач Ө.Алтанзулыг мөн Төмөрбаатар, Доржжагдал, Д.Одгэрэл нарыг хүргэж ирсэн таксины жолоочоос мэдүүлэг авч оруулж гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Учир нь би Алтанзул эгчийг анх ухаангүй байхөад нь л очиж авч үүрсэн болохоор таксин дотор юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэр таксины жолоочийг олж шалгаж өгнө үү.
2. Намайг талийгаач дээр очиход Жаагий буюу Доржжагдар түшээд сууж байсан. Ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй түшээд сууж байсан. Намайг ирэнгүүт ухаангүй хүнийг ямар шалтгаантай надад өгснийг шалгаж өгөөгүйд гомдолтой байна.
3. Би ах эгч хоёрт туслахаар очсон байтал намайг буруутайгаар тогтоосон.
4. Би Төмөршагайд гомдолгүй гэсэн учир надад миний ялыг хөнгөвчилж Эрүүгийн хуулийн 55-р зүйл ангиар арга хэмжээ авч өгөөгүйд гомдолтой байна.
5. Хохирол гэх 5.104.800 төгрөгийг миний ах Төмөрбаатараас нэхэмжилж гаргуулаагүйд гомдолтой байна. Учир нь энэ золгүй явдал болох эх үүсвэр нь миний ах Төмөрбаатар Ө.Алтанзул эгчийг дуудаж хамт архидан согтуурснаас болсон.
6. Уг золгүй явдлаас болж ах Төмөрчулуун нь намайг зодож танхайрч хөнгөн бэртэл үзүүлснийг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. /ЭХ/ 55-р зүйлийн журам өгнө үү?
7. Манай гэрт байсан Б.Мөнгөншагай Б.Мөнхтуул нараас хохирогчийн талаар мэдүүлэг авахуулаагүйд гомдолтой байна.
8. Миний нийгмийн байдал ар гэрийн гачигдлыг харгалзаж үзэж шийтгэлийн хэлбэрийг өөрчилж өгнө үү?
Дээрх гомдлуудыг минь харгалзан үзэж шүүгч та бүхэн ялыг минь хөнгөрүүлж өгөхийг хүсье”