С. Гандөл

Монгол үндэсний бөхийн түүхэнд шинэ цагийн “Залуу зургаан заан” гэсэн нэршил байдаг байлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэд, эс бөгөөс хэн нэгэнтэйгээ тунадаг, унадаг тийм л нэгэн үе Монгол бөх, наадмын ногоон дэвжээнд байжээ. Үеийнхнээсээ үнэнхүү хүчээр хол тасархай гэгддэг байсан тэднээс хамгийн түрүүнд заан цолонд хүрсэн нь Ц.Цэрэнпунцаг. Өдгөө УИХ-ын гишүүний албатай.

Түүний араас Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Ганбат нар ээлж, дараалан Улсын заан цолонд хүрснээр Бөхийн өргөө, Төв цэнгэлдэхийг зорих үзэгчдийн тоог олшруулж байжээ. Тэдгээрээс хоёр нь дархан аварга цолонд хүрч, хоёр нь УИХ-ын гишүүн, сайдын энтэй алба хашиж, зүлэг ногоон дэвжээнээс төр түшилцэх хүртлээ дэвшжээ. Нэг ёсондоо нэгэн цагт үзэгчдийн хайртай бөхөөр тодорч байсан тэд, өнөөдөр бөхийн болон төрийн өндөр сэнтийд түрүүчээсээ гарсан нь энэ.

Үүнийг, тэднийг яагаад тодотгоод байна вэ гэхээр цагтаа үзэгчдийг суудлаас өндөлзүүлж, жил бүрийн түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байсан тэдний үед допинг хэмээх асуудал байсангүй. Байх ч боломжгүй байсан гэлтэй. Гэхдээ 1999 оныг хүртэл. Учир юу гэхээр энэ үед үндэсний бөхийн дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатаас анхлан допинг илэрч байсан тухай Монголын үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулсан цагаас нь удирдаж ирсэн дэд тэргүүн Д.Данзан зарлаж байсантай холбоотой.

“2002 онд анх удаа наадамд зодоглосон А.Сүхбатаас илэрсэн. Энэ бол Солонгосын лабораториор тогтоочихсон зүйл. Баримт бичиг нь манайд ч олимпийн хороонд ч бий. Хүч тамир нэмэгдүүлдэг намдирлон гэдэг бодис их хэмжээгээр илэрсэн шүү дээ. Хэрэглэсэн, илэрсэн нь бодит үнэн. А.Сүхбат өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед МҮБХ-ны тэргүүлэгчид түүнд ямар хариуцлага тооцуулах талаар хуралдаж байхад шүүхээс манай хуралдааныг зогсоох захирамжийг А.Сүхбат өөрөө барьж орж ирсэн. Тэгээд тэр хүн улс даяар дуулиан тарьж, өөрт нь арга хэмжээ тооцох боломжид нөлөөлсөн. Тэрнээс хойш нэлээд олон бөхөөс допинг илэрсэн. Энэ нь анх А.Сүхбатад хариуцлага тооцоогүйгээс болсон гэсэн үг” хэмээх дөрвөн жилийн өмнө өгсөн ярилцлага одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна.

Үүнээс хойш Үндэсний бөхөд ялангуяа наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допинг илэрсэн тухай мэдээлэл гарч ирсэн нь тухайн цаг бүртээ шуугиан дэгдээх сэдэв болж ирсэн юм. Хамгийн сүүлийнх нь отгон аваргаар тодорсон Э.Оюунболд. Шүүхээс түүнийг допинг хэрэглэснийг тогтоосон ч өнөөг хүртэл тус маргааныг мухарлаагүй байна. Гэтэл өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас допингийн төрлийн бодис илэрсэн тухай мэдээлэл дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Өөрөө ч энэ тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж, “Таны биеэс триметазидин гэх бодис илэрсэн гэсэн хариу өгсөн. Шинжилгээний хариу нь үнэн, зөв гэдгийг онцолж байна. Би 2020 оны есдүгээр сарын 10-нд хариугаа аваад, гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмийг судалсан. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалагддаг эм юм. Миний бие 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаа надаас ийм бодис илэрлээ гэж хэлэхэд нь гайхаж хүлээж авсан. Шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн ч WA-DA-ийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалтад ордог юм байна. Тиймээс миний бие хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Б сорьцын шинжилгээ өгөхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг өгөв.

Угтаа бол А сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо өгөх нь бөхчүүдэд нээлттэй. Гэвч тэрбээр анх удаагаа А сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээхээ илэрхийлж, наадамчин олноос, бөхөд хайртай Монгол түмнээс уучлал хүссэн нь энэ байв. Цагтаа замын цагдаад гарч хүрч, тэр хэрээрээ олон нийтийн эгдүүцлийг хүргэж явсан Н.Батсуурь аваргад бөх сонирхогчид хайртай. Түүнийг хүндэлдэг. Цар тахлын хүрээнд заалнаас эхлээд Цагаан сарын барилдааныг хориглосныг эс тооцвол Бөхийн холбооноос зохион байгуулсан барилдаан бүрийг өнжилгүй, зодоглож ирсэн нь Н.Батсуурийг аварга цолонд хүрснээс нь хойш хүндлэх шалтгаан болсон. Гэвч түүнээс допингийн төрлийн бодис илэрсэн нь бөх сонирхогчдын урмыг хугалах шалтаг болов.

Цаг, минут, секунд тутамд түүнийг тойрсон байр суурь, сэтгэгдэл хөвөрч эхэлсэн нь үүний илрэл. Гэвч сүүлийн гурван жилийн наадмаар торойлгүй үзүүр, түрүүнд гарч ирсэн Н.Батсуурь аваргаас 400 төгрөгөөр худалдаалагддаг зүрхний эмийн найрлагатай бодис илэрсэн нь бас нэгэн эргэлзээг төрүүлж эхэллээ. Гэхдээ тэр бусад руу буруугаа нялзааж, өөрийгөө өмгөөлсөнгүй. Бусад шиг шүүхдэж заргалдахаа мэдэгдсэнгүй. Зүгээр л уучлал гуйж, харамсаж буйгаа илэрхийллээ.

А сорьцын шинжилгээнээс нь допинг илэрснийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн учраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос холбогдох шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр тэрбээр эцсийн шийдвэрийг гаргаж, зарлиг гаргах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, аварга Н.Батсуурь өвдөг шороодсон бөхчүүд чимэг нэмэхээс гадна улсын цолонд хүрнэ гэсэн үг.

Гэхдээ аварга Н.Батсуурь алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан нь нэгдүгээр асуудал. Үүгээрээ тэрбээр Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ нэгэн жишгийг тогтоолоо. Харин өнгөрснөөс өнөөдрийг хүртэл допинг хэрэглэсэн нь илэрч, түүнийг нь олон нийтэд зарлаж байсан бусад нь хэрхэх бол. Хариуцлага хүлээх үү? Бодох л асуудал.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН