"Токио цамхаг"-ийн дэргэд "Монголиа хаус" сүндэрлэнэ
2020/10/08
“Токио-2020” олимпын наадмын үеэр буюу 2021 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 06-нд Японы нийслэл Токио хотын хамгийн олон буюу сард 200-300 мянган жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиан хаус” баригдах юм.
Олимпын цэнгэлдэхээс энэ хүрэхэд 15 минут явах уг цамхагийн дэргэд Монгол гэр барих санаачилгыг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан билээ.
Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалын хамт 2019 оны есдүгээр сарын 25-нд газар түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол гэрийг энд барьснаар Монгол брэндийн сурталчилгаа, загварын шоу, урлагийн тоглолтууд “Токио цамхаг”-ийн хажууд болохоос гадна төрийн тэргүүн, ОУОХ-ны гишүүд зочлох юм.
Өнөөдөр МҮОХ-ны маркетингийн комисс “Монголиа хаус”-ын танилцуулгыг МҮОХ-ны өмнөх талбайд хийж, “Эрдэнэс Монгол”, “E-Mart”, “МСS Кока кола” “Хаан банк" зэрэг байгууллага, компаниуд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг