Допингоор төр түмнээ хуурсан бөхчүүдэд цол биш, ял өгмөөр санагдах юм
2020/10/15
Үндэсний их баяр наадмын тухай хуулинд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж наадмаар шөвгөрсөн бөхчүүдэд цолыг нь шууд олгодог уламжлалтай.
Уул нь баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооныхон олгодог байсныг Н.Багабандийн үед хуулинд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тэргүүн өөрөө гардуулдаг болсон. Ингэж Монголын төр бөхчүүдээ дээдлэн соёрхож, төрт ёсны их баяр наадмын охь манлай, сүр сүлд нь бөхчүүд болж түмэн олон даяараа хүндэтгэх болсон. Монгол төрийн энэхүү эрхэмсэг байдлыг бөх гэх нөхдүүд өөрсдөө гутаан доромжилж, луйвар залилан хийж үндсэндээ луйвраар, хууль бус аргаар цол авч төрийн тэргүүний зарлиг хийгээд төрт ёсны наадмаа үнэ цэнэгүй болгож эхэллээ.
Одоо монгол бөхөд допинг гэх аюул хар тамхи шиг газар авч энэ цагийн наадмын манлай болсон аварга, арслангууд нь бүгд допингтой болж сүүлийн хоёр жилийн наадам бузар булхайтай боллоо. Түрүү жилийн наадамд түрүүлсэн Э.Оюунболд гэж залуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол өнөө жилийн наадмын үзүүр бөх, сүүлийн гурван жил дараалан төрийн наадамд түрүү үзүүрт шалгарсан Н.Батсуурь гэж залуу мөн допингтой болох нь тогтоогдлоо. Монголын төрт ёсны наадмаа өргөж чимж явах бөхчүүд нь, аварга, арслан, гарьдууд нь өөрсдөө гутааж, зүгээр нэг хошин шогийн үзүүлбэр болгон хувиргасан нь харамсалтай. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөхийн аварга цол хураагдана, хураагдахгүй гэх дуулиан намжаагүй байтал энэ жилийн наадмын шөвгөрсөн бөхчүүдээс Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар допинг хэрэглэсэн нь тогтоогдож одоогийн байдлаар шинээр найман бөх улсын цол хүртэх болоод байна.
Тухайлбал, Батсуурьт тахимаа өгсөн аймгийн арслан Б.Суманчулуун улсын начин, Ц.Мөнхбаяр улсын харцага, Ц.Одбаяр улсын заан, М.Бадарч улсын гарьд, Р.Пүрэвдагвад өвдөглөсөн Б.Эрдэнэхүү өсөх идэр начин, Ш.Пүрэвгарьд улсын харцага, Б.Бат-Оршиход унасан аймгийн арслан Ц.Сандагдорж улсын начин, Б.Орхонбаяр улсын харцага цол хүртэнэ. “Өдрийн сонин”-д өмнө нь бичиж байсанчлан “Наадмаар давж, намар нь допингоор унаж авдаг хүүхдийн тоглоом шиг бөхийн цол” бий боллоо.
Тэгэхээр төрт ёсны наадмынхаа дархлааг хадгалж үлдэхийн тулд Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон байна. Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс аль нэгнээс нь допинг илэрсэн тохиолдолд тэр жилийн наадмыг хүчингүй болгож, шинээр цол авсан бөхчүүдийн бүгдийнх нь цолыг хураах хэрэгтэй. Нэг нөхрийн допинг хэрэглэсэн хууль бус асуудлаас болж бусад бөхчүүд цол чимгээ хураалган, бүтэн жилийнхээ хөдөлмөрийг алдаж, нэр төр бүхий л зүйлээрээ хохирно гэдэг аюул байх нь мэдээж. “Чамаас болж бид цолоо хураалгалаа. Амь амдралаараа хохирлоо” гээд дайрцгаана. Допинггүй наадмын төлөө бөхчүүд уриалга гаргана. Допинг хэрэглэсэн бөх нийгмийн шаар шавхруу болно. Дахиж барилдах нь байтугай ард түмнийхээ нүүрийг харах ч эрхгүй болно. “Надаас болж наадам хаагдана” гээд бөхчүүд үнэн голоосоо допингийг үзэн ядна. Ийм л зоримог шийдвэр гарган допингтой тэмцэж төрт ёсны наадмаа аврах хэрэгтэй.
Түүнээс допинг хэрэглэсэн нөхдийн толгойг нь илээд ганц хоёр жил эрхийг нь хассан болоод өнгөрвөл монгол бөх сөнөж, улмаар монгол төрийн наадмын дархлаа алдагдах болно. Монгол бөх мөхөж болно л доо, нэг их гашуудаж гангинаад, үнэ цэнэтэй зүйлээ бүрмөсөн алдчихаж байгаа юм огтоос биш. Харин монгол төрийн наадмын дархлаа алдагдах учиргүй. Тиймээс бөхийн барилдаан нь үнэнч шударга, төр түмнээ гутаан доромжилсон худал хуурмаг байх ёсгүй. Эл бүгдийг бодолцож Үндэсний их баяр наадмын тухай хуулиндаа зарим өөрчлөлтүүдийг оруулах нь зүй ёсны асуудал болжээ. Эн түрүүнд улсын баяр наадмаар Ерөнхийлөгч цол олгодгоо болимоор байна. Шөвгөрсөн бөхчүүдэд цолны түр батламж гардуулаад допингийн шинжилгээний хариу албан ёсоор баталгаажсаны дараа допинг хэрэглээгүй бөхчүүдэд цолыг нь баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Төрийн ордонд гардуулдаг байвал зохино.
Ер нь тэгээд допингоор төр түмнээ хуурсан бөхчүүдэд цол биш ял өгвөл яасан юм, тэгж л санагдаад байх юм. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид олон нийтэд худал хуурмаг мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар хорих ялаар шийтгэгдэх хатуу заалттай байдаг. Нийгэмд, уншигч олонд үнэнийг хэлэх үүрэгтэй сэтгүүлчид худал мэдээлэл түгээж, хэн нэгний нэр төрд халдсан тохиолдолд хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай бол бөхчүүд мөн ялгаагүй Монголын төрт ёсны наадмыг гутаан доромжилж, өрсөлдөгч бөхөө луйвраар давж, ард түмнээ хууран мэхэлсэн учир хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Яг л сэтгүүлчид шиг Эрүүгийн хуулиар хорих ялаар шийтгүүлдэг хатуу заалттай баймаар байна. Х.Баттулга Ерөнхийлөгч 2017 онд төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш дөрвөн жилийн наадам нээсэн. Үндсэндээ дөрвөн жилийн наадмын түрүү үзүүр бөхчүүдэд шагнал гардуулсан, Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгосон. Гэтэл гурван жилийн наадмын түрүү үзүүр бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо. 2017 онд үзүүрлэсэн Увсын Ө.Бат-Орших, 2019 онд түрүүлсэн Хэнтийн Э.Оюунболд, 2020 онд үзүүрлэсэн Увсын Н.Батсуурь нар допинг хэрэглэн худал хуурмагаар хууль бусаар төрийн өндөр цолонд хүрсэн байна. Ингэхээр Ерөнхийлөгч таны дөрвөн жилийн наадмын гурван жилийнх нь худлаа болж байна.
Төрийн тэргүүн танаар зарлиг гаргуулж, бөхийн өндөр дээд цол чимэг авсан нөхдүүд Ерөнхийлөгч таныг болоод, Монголын ард түмнийг, төрт ёсоо санаатайгаар гэж хэлж хардахаар доромжилсон байна. Цаашид энэ байдал давтагдаад Монгол төрийн тэргүүн луйварчдад зарлигаар цол өгөөд, ард түмэн допингтой эсэхийг нь мэдэхгүй хүндэтгэн дээдэлж, хөөрч баясаад, аймаг, нутгийн зөвлөл, ажлын хамт олон, компани нь байр машин өгч, энэ бүхэн нь сүүлдээ хууль бусаар цол авсан луйварчин этгээдийн хуурамч жүжиг болоод дуусах нь ээ. Ямар нэгэн алхам хийлгүй энэ байдлаараа байвал магадгүй ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 1024 бөхөөс тав давж шөвгөрсөн 32 бөхөөс 20 орчим нь допинг хэрэглэсэн нь тогтоогдож бүтэн зуунд ганцхан удаа тохиох төрт ёсны наадмаа гутаавал яах вэ. Энэ цаг үед ид барилдаж байгаа нөхдийн нүүр царайг харахад тийм зүйл болохгүй гэх баталгаа алга.
Бөхчүүдэд итгэх итгэл бүрэн унтарсан байна. Төрийн эрхэмсэг оршихуйг бөхчүүд нэр төр, ашиг хонжоо олох талбар болгон уландаа гишгэлээ. Тиймээс допингоор төр түмнээ хуурсан нөхдүүдэд цол биш, ял өгмөөр байна. Допинг хэрэглэсэн нөхдөд унасан бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгч байгаа нь шударга мэт боловч яг үнэндээ допингийг хүлээн зөвшөөрсөн, өөгшүүлсэн үйлдэл болж үндэсний бөхийн ирээдүйд улам хорлонтой харагдаж байна.