МЭНДЧИЛГЭЭ
2020/10/16
16/10/2020 500
Хүний нөөцийн чадвар, бүтээмж дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөн зохион байгуулж, байгууллагын зорилгыг хангахад чухал үүрэгтэй ажилладаг хүний нөөцийн менежерүүд Та бүхнийхээ амгаланг айлтган мэндчилж, амжилт хүсье.
Улс орон оршин тогтнохын үндэс нь хүн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэ цэнтэй баялаг нь манай уурхайчид, ажилчид юм. Тиймээс хүн бол баялаг бүтээгч төдийгүй өөрөө баялаг юм гэдгийг Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн бодлогынхоо гол цөм болгон авч үздэг. Монгол түмэн Эрдэнэтийн Овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш эдүгээ 42 дахь жилтэйгээ золгож байна. Эндээс хөдөлмөрийн аваргууд, салбарын гавьяатууд, эрдэмтэд, шилдэг удирдагчид, эрин зууны баатрууд төрсөн. Эрдэнэт бол Монголын уул уурхайн салбарын анхдагч, жишиг үйлдвэр төдийгүй үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэсэн их орд юм. Тиймээс улс орны эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын хүний нөөцийн хөгжил, төлөвшил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай салшгүй холбоотой. Удам дагасан уурхайчдын алтан хэлхээс одоо ч тасраагүй үргэлжилсээр байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын гол онцлог үр шим билээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгчид 2019 онд буюу “Хөрөнгө оруулалтын жил”-д бүтээн байгуулалтын хоёр дахь шинэ үеийг эхлүүлж амжилттай ажиллан түүхэн олон дээд амжилтын эзэд болсон. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд амжилт байлаа. Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг өсч байгаа ч бид хүндрэл бэрхшээлийг инженерийн сэтгэлгээ, уурхайчны ухаанаар давж байна. Хүдрийн агуулга бага байсан ч металл авалтаа өсгөж чадлаа. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан уурхайчдынхаа цалин, урамшууллын санг 2017 онд 10 хувиар, 2018 онд 15 хүртэл хувиар нэмсэн бол 2019 онд 20 хувь, 2020 оны 6 дугаар сард 10 хувь нэмснээр нэг ажилтны дундаж цалин 3.1 сая төгрөгт хүрлээ.
Бид 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгон зарлаж, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхээр 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Дэлхий нийтэд коронавирусын халдвар тархсан, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш огцом унасан, эдийн засгийн хүндрэлтэй, амаргүй цаг үеийг хамтын хүчээр давахын төлөө, маргаашийн хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллаж байна. Бид үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахгүй ажиллах, эдийн засгийн хүрсэн түвшингээ хадгалах, ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг бууруулахгүй, орон тоог цомхотгохгүй байх боломжтой бүхий л арга хэмжээг авч байна.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэхийн хэрээр залуу ажилчдын шинэ үе орж ирж байна. Шинэ үеийн залуу ажилчдыг ажлын байранд сургаж дадлагажуулах, мэргэшүүлэхийн зэрэгцээ нийгмийн асуудлыг цогцоор шийдэх шаардлага шинээр ургаж байна. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцтай болоход нь зориулж 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Мөн өнгөрсөн жилээс “Уурхайчин-1,2,3” орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Амаржаад хүүхдээ асарч буй эхчүүдэд сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж, ахмадууддаа сар бүр улсын тэтгэвэр дээр нь нэмж үйлдвэрийн тэтгэмж олгодог гэхчилэн нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд уурхайчдадаа олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, тусламж үзүүлсээр байна. Түүнээс гадна анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалин” бий болгож 40 мастерт сар бүр 600 мянгаас нэг сая төгрөгийн нэмэлт цалин олгож байна. Мөн өндөр ур чадвар шаардсан ажил гүйцэтгэдэг, нарийн мэргэжлийн өндөр зэрэгтэй 21 ажилчинд “Тэргүүлэх зэрэгтэй ажилчны нэмэгдэл” сар бүр өгч байна. Цаашид ч цалин хөлсний бодлогыг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулан боловсронгуй болгоно.
Аливаа байгууллага хүнээ хөгжүүлж байж тухайн салбар өөдлөхийн зэрэгцээ салбарын хөгжил улс орны тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Амьд шүтэлцээтэй энэ гурван тулгуурын үндэс нь хүн юм. Одоо ч, ирээдүйд ч Эрдэнэт үйлдвэрийн гол цөм бодлого нь хүний нөөцийн менежментийг оновчтой, зөв чиглэлд хэрэгжүүлэх явдал байна. Эрдэнэт үйлдвэрийг цогцлоож буй уурхайчид, цөм бодлогыг хэрэгжүүлэгчид, хариуцсан ажилдаа мэргэшсэн мэргэжилтнүүд Та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/
Х.БАДАМСҮРЭН