Абу Даби хотод өчигдөр орой болсон “UFC 254” тулаанд ялалт байгуулсныхаа дараа ОХУ-ын холимог тулааны тамирчин, хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарлалаа. 

Өдгөө 32 настай тэрээр АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг ялж, 29 дэх ялалтаа авсан юм. Түүний аав, дасгалжуулагч Абдулманал долдугаар сард COVID-19-ийн улмаас нас барсан нь Хабибыг зодог тайлахад хүргэжээ. Энэ талаар тэрээр “Энэ бол миний сүүлчийн тулаан байлаа. Аав минь хажууд байхгүй үед тулаан хийх надад үнэхээр хэцүү байсан. UFC-ээс залгаж Жастинтай тулалдахаар болсныг хэлсний дараа би ээжтэйгээ гурван өдрийн турш ярилцсан. Ээж “Аав чинь байхгүй учраас тулалдах хэрэггүй” гэж хэлсэн. Харин би энэ миний сүүлийн тулаан байх болно гэж амласан. Тиймээс энэ амлалтдаа хүрлээ” гэж ярьсан байна.

Мөн “UFC холбооноос хүсэх ганц зүйл нь  мягмар гаригт гаргадаг “pound-for pound” чансаагаар намайг нэгдүгээрт бичиж өгөхийг хүсч байна. Мэргэжлийн холимог тулааны төрөлд 29 удаа ялснаас UFC холбооны тулаанд 13-0 амжилт гаргасан надад ийм эрх байгаа гэж бодож байна” хэмээн ярьжээ. Хабиб Нурмагомедов нь холимог тулааны спортын төрөлд 29 ялалт байгуулсан нь түүхэн дээд амжилт  юм. Мөн тэрээр ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан UFC холбооны анхны аварга болсон юм.

Эх сурвалж:BBC