Найруулагч М.Батболд бол Орос ах нарын бүтээгдэхүүн. С.Гэндэн, Л.Ванганаас эхлээд монголын театрын уран сайхны бодлогыг сүүлийн 30 гаруй жилийн турш зангидсан Н.Сувд гуай гээд театрын гол уран бүтээлчид бүгд орос школоор хүмүүжиж, эх орондоо хэрэгжүүлсэн улс.

Монголын урлагийнхан 10 гаруй жилийн өмнөөс оросууд өөр болчихож, оросын театр өөрчлөгдөж байна гэх мэтээр жиг жуг гэх болсон. Гэхдээ яаж өөрчлөгдөөд, өөр болоод байгааг нь очиж үзээд, монголдоо авч ирж хэрэгжүүлсэн нь харамсмаар цөөхөн. Хэдийгээр найруулагчдын нэгэн шинэ үе гарч ирж, эрэл хайгуул хийсээр байгаа ч монголын театр үзэгчдийнхээ оюуны хэрэгцээ, таашаалыг хангаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж чадаж байгаа юу гэвэл үгүй.

 

Яг ийм нэг сонирхолтой ч юм шиг, уйтгартай ч юм шиг зурвас үед М.Батболд хэмээх шинэ найруулагч театрын ертөнцөд орж ирж байна. Манай үеийнхний гадаадын мэргэжлийн сэтгүүл, цахим орон зайнаас л олж үзэж ирсэн динамиктай, орон зай шаардсан чөлөөт тавилтыг М.Батболдын “Фауст” жүжгээс үзсэн нь таашаал төрүүлснийг нуугаад яахав. Гэхдээ анхны тавилтаа Соёлын төв өргөөнд хийсэн нь учир дутагдалтай байв. Соёлын төв өргөө бол хошин шогийн гараа, концерт хийхэд тохиромжтой болохоос драмын жүжиг тавихад тохиромжгүй тайз юм. Тийм ч учраас М.Батболд найруулагчийн зарим орон зайн шийдэл, тоглолтууд үзэгчдэд хүрэхгүй сарниад байгаа нь мэдрэгдсэн. Харин энэ удаа “The Corporate Hotel and Convention Centre”хэмээх монголдоо л сайнд тооцогдох танхимд тавигдах гэж байгаа нь сонирхол татаж байна.

 

“Найруулагчийн тавилт” гэдэг энэ үг өөрөө их марзан үг л дээ. Гэхдээ үйл явдал, шийдлийг нь урьдчилан задлахгүйгээр тавилтыг нь базаж дүгнэвэл, үзэгч энэ жүжгээс монголд урьд өмнө нь үзээгүй театрын олон боломж байдгийг олж харах болно.

СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн багш, Урлаг судлаач / Я.Баяраа /