2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт  үнэмлэхүй ялалт байгуулсан МАН тун удахгүй дүүргийнхээ Засаг даргыг сонгох нь.

Гэвч сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЧД-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн хүн болох Б.Цэрэнг Засаг даргад зүтгүүлж буй мэдээлэл цацагдсан.

Б.Цэрэнгийн хувьд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Тэмүүн оргил” ХХК-иараа дамжуулан 2017 онд ЖДҮХС-гаас 434 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдож шуугиан тариад буй. Иймд ЧД-ийн нэр бүхий төлөөлөгч нар дүүргийнхээ газрын даргаар ажилладаг Б.Цэрэнг АТГ-т шалгуулахаар болжээ.

Түүнтэй холбоотой мэдээлэл ганцхан үүгээр зогсохгүй. Б.Цэрэн нь БСШУЯ-нд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр мөн АТГ-т шалгагдаж, Австрали руу зугтаж байсан тухай мэдээлэл тухайн үед хэвлэлээр гарч байв. Хэрэг явдал намжсаны дараа Б.Цэрэн Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад дөрвөн сарын өмнөөс Чингэлтэй дүүрэгт  ажиллаж байгаа түүхтэй нэгэн аж.