Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойд зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан өчигдөр /2020.10.29/ болж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар Спорт хороо, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч найман даван түрүүллээ.

Бөхийн өргөөнд болсон энэ барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд Спорт хороо, ДХИС, Танил санаа ХХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.

Нийслэлийн ойд кориулсан барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар Спорт хороо, Монтед констракшн, Рэд Вулкан ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их -Уул сумын харьяат, Сүлд СХ, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарчээ. Харин дунд шөвгийн наймд улсын начин Б.Ганхуяг аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан О.Наранбаатар, аймгийн заан М.Лхагвагэрэл нар тунасан байна.

Улсын начин Б.Чимэдвандан допингийн эсрэг уриалга гаргаж барилдааны турш хажуудаа тавьж суун бөхчүүд болон үзэгч олонд хүргэсэн байна.

 

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг