Маргааш буюу энэ сарын 16-нд нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орохыг анхааруулж байна.

Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 16, 19-нд нутгийн зарим газраар, 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.