- О.Магнай даргын анхаарал хандуулдаг салбар дэндүү олон юм -

Сүүлийн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/- ын хаягтай хэд хэдэн ажил урлаг соёлын салбарт өрнөлөө. Эдгээрээс хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй сэдэв нь “ам барьдаг” дуучидтай тооцоо бодох юм. Гэхдээ энэ асуудлыг зарим нь дэмжиж байхад дэмжихгүй хэсэг бас байна. Цагаан сар хаяанд ирчихсэн энэ үед тэнгэрт хадсан махны үнэтэйгээ тэмцэхгүй хэдэн “одонцор”-ын ам барих тухай ярилаа гэж дургүйцэх хүн цөөнгүй.

Уг нь түүний санаачилсан ажил зөв үү гэвэл зөв. Гэхдээ нэгдүгээрт, цаг үеэ олоогүй, хоёрдугаарт, хариуцсан яам байсаар атал ШӨХТГ-ын дарга О.Магнай дуучидтай ийн “дайн” зарласан нь зохимжгүй мэт. Ер нь сүүлийн үед О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынханд шургалахгүй газар, харьяалагдахгүй салбар гэж үгүй болжээ. Хийх ажлаа олж ядаад урлаг соёлын салбарт хошуу дүрсэн гэвэл эндүүрэл болно.

Эрхэм даргад харьяалалтай, хаягласан олон асуудал нийгэмд шил шилээ даран урган гарч ирж байна. Үгүй ядахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнэд судалгаа хийж, цагаан сараа яажшуухан давж гарна даа гэж зовж яваа ард түмнийхээ нуруундаа үүрсэн хүндхэн ачааны нэг талаас нь ч дамжилцмаар байна. Гэтэл хаа хамаагүй урлаг соёлын салбарт хошуу, хачир хоёр зэрэг нэмж “зохицуулагч”- ийн үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэндээ түүнд зохихгүй байгааг хажуунаас нь хэлээд өгчих хүн олдсонгүй юу.

Харин нөгөө талаар О.Магнай даргыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар томилбол дорвитой ажил хийж мэдэхээр ч юм шиг. Ямар ч байсан одоогийн сайд Ц.Оюунгэрэлээс л илүү ажиллана гэдэгт ойрын хэдэн өдрийн ажлын тайлангаараа баттай нотлов. Ямар түүний дотор ороод үзчихсэн биш бодол санаандаа сайдын суудал шигтгэчихсэн яваа ч юм билүү. Үгүйсгэх аргагүй л дээ. Иймээс л тэрбээр салбар хариуцсан сайдын өмнөөс асуудлыг нь аятайхан шийдээд замаа засч яваа болов уу.

Түүний зарласан “дайн”-ы гол өрсөлдөөн рок попынхон дунд өрнөх нь мэдээж. Учир нь Монголын урлагийн салбарт хамгийн их “дэлхийн хэмжээ” ярьдаг хүмүүс бол тэд. Мөн үзэгчдийг харсаар байтал амаа хөдөлгөж дуулсан болчихоод тайзнаас буудаг хүмүүс нь бас л тэд. Яагаад гэвэл тэдний дуу амьдаар дуулахад дэндүү хэцүү / өөрсдийнх нь хэлснээр/. Гэхдээ энэ салбарт зүтгэж яваа, харьяалагддаг уран бүтээлч болгон үзэгчдийг хуурдаг гэвэл хэлмэгдүүлсэн хэрэг болно.

Жишээ нь, Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ж.Алтанцэцэг, “Никитон”-ы Ц.Батчулуун, “Харанга”- ын Х.Лхагвасүрэн гээд орсон тоглолт, очсон газар бүртээ жинхэнэ амьд тоглолт үзүүлж үзэгчдийг баясгадаг дуучин цөөнгүй. Харин эдгээр уран бүтээлчийн босгосон “суурин” дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй орчин цагийн “одонцор”- ууд бол О.Магнай даргын гол “дайсан” болох байх даа.

Үүн дээр нэмэгдээд зохиолын дуучдын төлөөллөөс бас хэдэн нөхөр орж ирнэ гэж байгаа. Яг үнэнийг хэлэхэд “хөдөө”-гийн гэгддэг зохиолын дуучид дунд ам барьж үзэгчдийг “молигоддог” нь тун ховор. Гэхдээ л сайны хажуугаар саар гэгчээр мэр сэр ам барьж байгаа нэгэн харагддаг л юм. Хэрэв О.Магнай даргын санаачлага хэрэгжвэл салбарын сайд Ц.Оюунгэрэл түүнд “баярлалаа” гэж хэлэх нь зүйн хэрэг. Түүний сэдээгүй, санаачлаагүй, чадаагүй ажлыг ШӨХТГ-ын дарга санаачилж байхад улстөрийн соёл гаргах нь зүйтэй биз ээ.

Угтаа бол энэ асуудлыг дэлхий нийтийн хэмжээнд аль 1980-аад оны сүүлч гэхэд шийдчихсэн юм шүү дээ. Манайхан л олиггүйдээ хэдэн дуучиндаа “хулхидуулж” тоглолт үзсэн болоод гардаг болохоос биш бусад улс оронд бүх тоглолт нь “амьд” байдаг. АНУ-д хөвгүүдийн хамтлаг ид хүчээ авч байхад ам барих асуудал дээд цэгтээ хүрч байжээ. Үүнд дургүйцсэн үзэгчид “хулхи” дуучидтай тэмцэхийн тулд холбоо байгуулсан байна.

Уг холбоо “Төлсөн мөнгөндөө харамсахгүйн төлөө” гэдэг нэртэй байж. Холбооны идэвхтэй үйл ажиллагааны дүнд АНУ-д ам барих нь битгий хэл фонограмм тавьдаг дуучин ховор болсон юм. Уншигч Та анзаарсан бол дэлхийн хэмжээний хамтлаг дуучид аялан тоглолтдоо заавал амьд хөгжмийн хамтлаг дагуулж явдаг. Энэ жишгээс харахад үзэгчдийг мэхэлдэг дуучидтай хамгийн энгийнээр тэмцэж болмоор санагдана.

Мөн ШӨХТГ-ын дарга нь хэдэн нөхөртэй нийлэн тэмцэж сүр бадруулаад байхаар сүйдтэй асуудал ч биш гэдгийг харж болно. Бүр болохгүй бол авдаг хэдийг нь өгөхгүй байхад л хангалттай шүү дээ. Гэхдээ л овоо босгоогүй шаазгай юунд суух вэ гэгчээр манай дуучид ам барьж үзэгчдийг хуурдаггүй байсан бол О.Магнай дарга их ажлынхаа хажуугаар ингэж цаг алдах хэрэг гарахгүй байсан биз ээ.



“Амаа хөдөлгөдөг” Дуучдын тухай хэн юу хэлэв

 

Реппэр Gee:

-Ам баригчдыг жинхнээсээ үзэн яддаг. Энэ чинь луйвар шүү дээ. Хэдэн жил амаа хөдөлгөчихөөд Монголын урлагт зүтгэсний төлөө гээд гавьяа шагнал авч байх жишээтэй. Амьдаар дуулж чадахгүй бол хамтлагаа тараах хэрэгтэй. Дуулдаг хүнийг л дуучин гэж нэрлэдэг. Харин дуулж чадахгүй байгаа хүмүүсийг амаа хөдөлгөгч гэж нэрлэх ёстой.

Эх сурвалж: “Undesten.mn” 2012 оны нэгдүгээр сарын 9



Гитарчин Б.Өлзий-Орших:

-Сүүлийн үед энэ “фонограммчингууд” арай дэндлээ. Бүтэн тоглолтын турш бүх дуугаа ам барьдаг дуучны тоглолт үзлээ. Бүхэл бүтэн оркестр хуруу, гараа хөдөлгөж, худлаа дүр эсгэж суусан сураг байна. Тоглолт үзэх гэж хүмүүс хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө тасалбар худалдан авч байгаа. Тэгэхэд өөдөөс нь CD тавиад жүжиглэдэг гарууд урлагийн тайзнаас зайлбал таарна.

Эх сурвалж: “Olloo.mn” 2012 арваннэгдүгээр сарын 30



Дуучин “ноён” Бондгор:

-Хүмүүст хандаж шударгаар нэг л зүйл хэлье. Би дуулдаг болсноосоо хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа ам барьж үзээгүй. Монголд янз бүрийн дуучин байна. Мэргэжлийн сургууль төгссөн гэж томордог нөхдүүд тайзан дээр өнгө алдаж, солгойроод, хоолой нь хүрэхгүй үе олон тохиолддог. Үүнийг хараад заримдаа микрофоныг нь авч дуулж өгмөөр санагддаг. Бүр болохгүй үнэнээ хэлээд ам барих хэрэгтэй.

Эх сурвалж: “Unen.mn” 2012 оны аравдугаар сарын 10



ШӨХТГ-ын дарга О.Магнай ам барьдаг дуучидтай тэмцэх нь зөв үү, буруу юу гэсэн асуултад иргэд ийнхүү хариулж байна.
 


М.Шагдар

-Ах нь урлагийг дуучин нь дуулдаг байхад сонирхдог байсан. Одоо бол дуучид дуулахаа больсон. Ардын дуучид маань л амьд хоолойгоор дуулж байна. Хөндлөнгөөс ажиглаад байхад О.Магнай зөв шийдэл гаргаж байгаа ч тэр нь амьдралд наалдаж өгөхгүй юм. Одоо ард иргэд цагаан сараа яаж тэмдэглэнэ дээ л гэж бодож байгаа болохоос биш юун тэр ам барьж дуулдаг дуучин манатай. Дуучидтай тэмцэхээс илүү дийлдэхээ байсан махны үнэтэйгээ л эхлээд тэмцмээр байна шүү дээ.



Г.Баяртай

-Шинэчлэлийн Засгийн газар чинь хуучин Боловсролын яамыг хоёр салгаж Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулсан биз дээ. Энэ яамны хийх ажлыг л О.Магнай урдуур нь орж хийгээд байх шиг санагдах юм. Нэг бол салбар хариуцсан яам нь ажлаа сайн хийдэггүй юм болов уу гэсэн бодолтой байна.

 


Х.Мэндбаяр

-Үнэхээр боломжгүй газраа ам барихаас өөр арга байхгүй. Ялангуяа, хөдөө орон нутагт техник хэрэгсэл муу, олигтой дуугарч өгдөггүй байх л даа. Энэ мэт зүйлээс болоод манай дуучид ам барьдаг. Үүсээд байгаа хүндрэлийг нь шийдээд өгчихвөл бүгдээрээ ам барья гэж бодохгүй шүү дээ. ШӨХТГ- ын дарга О.Магнай ам барьдаг дуучидтай тэмцэж байгаа нь зөв. Гэхдээ цаг үеэ олоогүй нь жаахан тиймхэн санагдаж байгаа.

Т.Зүрх