Улсын хэмжээнд ажиллагчдын дундаж цалин нэг сая 269.1 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.  

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 44.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 697.6 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 мянгаар, өмнөх улирлаас 310-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 12.2 мянгаар, өмнөх улирлаас 21.3  мянгаар тус тус өсжээ. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны гуравдугаар улирлын тайланд хамрагдсан 697.6 мянган ажиллагчдын медиан цалин 942.0 мянган төгрөг байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны III улирлын байдлаар 1269.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 102.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.8 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2020 оны гуравдугаар улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.8 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 829.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.8 сая төгрөг байна.