Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа явуулдаг дотоодын хөрөнгө оруулалттай “Алтайн хүдэр” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлүүд хэрээс хэтэрсэн тухай мэдээлэлүүд ар араасаа гарсаар байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр  тус  компани ажилчиддаа Монголд байхгүй өндөр цалин хөлс өгдөг мэтээр гардаг боловч үнэн хэрэгтээ тийм биш гэнэ. Дээр нь ажиллах орчин маш хүнд,  байнгын тоосжилтон дунд ажилладаг ба 40 хоног ажилласан хүний уушиг тоосжилтой гэж  эмнэлгийн дүгнэлт  гарч байгаа ажээ. Ийм хүнд хортой нөхцөлд ажиллуулж байгаа ажилчиддаа “Алтайн хүдэр” ХХК-х хортой нөхцлийн болон хээрийн нэмэгдэл хөлсийг нь өгдөггүй байна.  Мөн тасралтгүй ажиллагаатай баяжуулах үйлдвэртээ ажилчдыг 2 ээлжээр 10 цагаар ажиллуулдаг атлаа  ажлын хөлсийг нь 8-10 цагаар бодож олгодог тухай ажилтнууд нь бидэнд мэдээлэл өглөө.

Тус компани тээвэр хийж байгаа жолооч нарт даац хэтрүүлэн ачаа ачихыг  шаарддаг. Үүнээс шалтгаалан машин нь эвдэрэх тохиолдолд тухайн жолоочийг буруутган 1-2 сарын цалинг  машиных нь эвдрэлийг засаг нэрийдлээр  суутган авдаг гэнэ. Ажилчид энэ тухай мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудад мэдээлдэг ч тэд ирж  хяналт шалгалт явуулаад бүх зүйл “ок” байна гэж дүгнэдэг. Энэ нь  “Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базар бүхнийг аргалаад өнгөрүүлдэг зантай холбоотой.

“Алтайн хүдэр” компанийн уурхайн ажлын гол ачаалалын нугалдаг үйлдвэрийн ажилчид нэг сая төгрөг хүрэхтэй үгүйтэй цалин авч байхад элдэв дарга  сэтэртэй хүмүүс  5-10 сая төгрөгний цалин авч байгаа нь ажилчдыг дэндүү басамжлан доромжилсон хэрэг юм. Уул уурхайн салбарт мөрдөгдөх ёстой дүрэм журам, нөхөн сэргээлтийн асуудлын талаар энэ уурхайн тухайд ярих ч хэрэггүй гэж энд ажиллагсад хэлж байна. “Алтайн хүдэр” компаний уурхайд үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас эрсдэх аюул ойрхон байгааг тоож ойлгох хүн алга байгаа юм байна.

Иймээс холбогдох яам тамгын газар, мэргэжлийн хяналтын газрын дээд  удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ. Эс бөгөөс “Ниргэсэн хойно хашгирав” гэдгийн үлгэр энд давтагдахад ойрхон болжээ.

Нэмж хэлэхэд   “Алтайн хүдэр”  ХХК  2010 онд  Говь-Алтай аймгийн  төсвийн 93 хувийг бүрдүүлнэ гэж Засгийн Газартай гэрээ байгуулсан атлаа гэрээгээ биелүүлэлгүй  луу унжсаар  өдийг хүртэл   ердөө 195 сая төгрөг аймагт  төлж, төсвийн 4 хувийг л өгсөн  байдаг гэнэ. Гэсэн атлаа аймаг орон нутгаас дэмжлэг аван өдийг хүртэл ажиллаж байгаа нь цаагуураа авлига, хээл хахуултай холбоотой байж болзошгүй тул АТГ-аас  энэ компанийг шалгаж үзэх хэрэгтэй  болов уу…

А.Галт

Ugluu-logo17