"Монгол цэргийн жавхаа" уралдааны үеэр цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах үйл ажиллагаа болно
2014/04/29
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцсоноос төгсгөлийн шатад Зэвсэгт хүчний 353, Хилийн 0151, Зэвсэгт хүчний 120, Хилийн 0164, Зэвсэгт хүчний 032, Зэвсэгт хүчний 311, Зэвсэгт хүчний 017, БХИС, Зэвсэгт хүчний 150 дугаар анги шалгараад байна. Эдгээр ангиудын жагсаалын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 05 сарын 03-ны 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбай талбайд болох юм. Мөн энэ үеэр Цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу “Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнана. Мөн тус үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, мөнгөн шагналыг олгох юм. Мөн тусгай шагналаар нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, 4 сая төгрөгөөр урамшуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.