Ардчиллынхан өмч хувьчлал нэрийн дор үнэтэй газруудыг халаасална
2014/04/30
Хүчинддэг төрийг монголчууд үеийн үед хүсэмжлээгүй. Харамсалтай нь, хүсээгүй зүйлтэйгээ нүүр тулсаар ирсэн ардчиллын он жилүүдийг яалтай.
Энэ Засгийн үед ч тэртээх он жилүүдийг санагдуулам өмч хувьчлал далд болон ил хэлбэрээр үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл энэ онд багтаан “Хангарьд” тэргүүтэй есөн объектийг хувьчилахаа мэдэгдсэн. Мэдээж энэ бол шинэ мэдээлэл биш. Өмнө нь Ерөнхийлөгч зарлиг буулгаж нийслэлийн өмчит “Хангарьд” ордныг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчилна хэмээн тодотгож байлаа. Улмаар Хангарьд ордонг төр түрээслэж Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас бусад агентлагийг тус ордонд чихэх юм гэсэн. Энэ нь өнөөх “Ухаалаг төртэй”-н илэрхийлэл. Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн захиргаа хотын захад шинэ ордон барин тухалж, хоосон үлдсэн дээрх байрыг хувьчлан түрээслэх түүхэн шийдвэр гаргаж буй нь энэ. Аажмаар Циркийн байр шиг түрээсийн үйл ажиллагаа явуулж, эзнийхээ хэтэвчийг түнтийлгэх хэрэгсэл болж хувиргах далд санаа үнэртэж буй юм. Учир нь “Хангарьд” ордон төрийн өмч үү, эсвэл нийслэл, үгүй нийтийнх үү гэдгийг ялгаж салгах учиртай биш үү. Хэрэв төрийн өмч бол төрдөө өмчлүүлэхээр лүндэн буулгасан нь ёстой л хошигнол гэлтэй. Энэ замаар ганц тус ордон ч бус нэр бүхий есөн объект замнах болох нь.
Одоогоор тус газруудыг ихэд нууцалж байгаа аж. Гэхдээ хэдэн хэдэн газар байх магадлалтайг эх сурвалж тодотгож буй юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны чанх урдаас харсан Соёлын төв өргөөний түрээслэгчдийг “хөөгөөд” эхэлсэн сурагтай. Хотын төсвийг зузаатгах хэрэгсэл төдийгөөр ашиглагдах болсон тус өргөөг төрөөс тусгаарлах явуулга эртнээс өрнөсөн гэлтэй. Нүх сүв болгоноо арилжааны урлагийн байгууллагуудад голдуу түрээслэдэг. Тайзаа ч чамлахааргүй өндөр үнээр үнэлдэг эл газарт шуналын шүлс туссан юм даг уу даа. Уг нь Соёлын төв өргөөг хошин шогийн ордон болгоё гэх санал түрээслэгчдийнх нь амнаас цухалздаг л юм. Гэвч тэдний саналыг хүлээн авах нь битгий хэлж, тоож сонссон нь үгүй.
Түүнчлэн “Өргөө” зочид буудал ч дээрх есөн газрын нэгд эрэмбэлэгдсэн байх магадлал өндөр. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг яллахад ихээхэн чухал баримт болоод байсан “Өргөө” зочид буудлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргаж билээ. Өөрөөр хэлбэл, хот буцаан мэдэлдээ авсан нь тэр. Мөн Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Төв бассейн буюу одоогийн Улаанбаатар чуулгын байр, Автобааз, Улаанбаатар Радиогийн байрыг ардчиллынхны овоо хараанаас бултуулж чадахгүй бололтой. Улаанбаатар Радиогийн байр өдгөө өмч хувьчлалын асуудалтай шүүхийн маргаантай буй. Иймээс төрийн өмнөөс асуудлыг шийдвэрлэх юухан.
Гол нь дээрх газрууд хотын А зэрэглэлийн бүсд хамаарах бөгөөд үнэ өртөг өндөртэйг олон хүн тодотгож байгаа юм. Шуналын шүлс дусаж байдаг эдгээр газрыг ардчиллынхан хуучны зуршлаараа халаасалж, шимийг нь сорж, сорчлохоор шийдсэн нь энэ. Ард түмэн ардчилал хэмээх замаар замнаж байгаагаас хойш ардчилсан хүчнээ дэмжиж, төр засгийн жолоог атгуулах нь зүйтэй хэмээн сонголтоо хийсэн. Тэгээд ч сонгосон.
1996 онд ч ийм л зүйл болсон. Гэвч сонголтондоо халаглаж, бас харамссан. Тухайн үед хотын иргэд байраа хувьчлан авч, хөдөөгийн иргэд нь малаа хувьдаа авсан. Байр ч үгүй, мал ч үгүй хүмүүст юм оногдсонгүй. Учир нь төр хүмүүсийн заримд нь авсан юмаа л буцааж өгснөөс биш, үнэгүй юм өгөөгүй. Гэсэн ч хүмүүсийн дийлэнх нь за тэр ч яахав, бидний хамгийн үнэтэй зүйл бол Ардчилал гэж бодож сэтгэлээ тайвшруулсан. Гэтэл нөгөө Төр, Засгийн эрхэнд гарсан Ардчиллын эрхмүүд анх удаа улс төрийн этгээд үзүүлбэрүүдийг хийх нь тэр. Ээлж дараалан унах Засгийн газар, үхрийн эвэр шиг зөрчилдөн шийдвэрт хүрч чаддаггүй байдал, намчирхан омгорхох хандлага, албан тушаалын арилжаа, Өмч хувьчлалаар дамжуулан Ардчилсан намын нөхдүүдийн хөрөнгө зоорийг нэмэгдүүлсэн байдал, нэрт улс төрчийн учир битүүлэг үхэл гээд ард түмний хүсэн хүлээх нь байтугай, төсөөлөө ч үгүй ‘’Ардчилал’’-ыг харуулсан. Ийм л зүйл үлдээснийг түүх гэрчилнэ. Тэгвэл өнөөдрийн ардчиллынхан энэ замналаар замнаж, тэр л түүхийг үлдээх нь.
Д.Дорж