Оюуны хомсдолтой, өөрийнхөө биеийг авч явах чадваргүй охид , бүсгүйчүүд олон. Тэд голдуу гэрийн асаргаа сувилгаанд орчихсон байдаг.

Өөрөөр хэлбэл аав , ээж ар гэрийнхэн нь тэднийг асарч тойглоно. Ийм охид бүсгүйчүүд их өрөвдөлтэй байдалд байдаг гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн асаргааны байгууллагаас бидэнд  мэдээлсэн юм. Тодруулбал эцэг нь гэх хүмүүс оюуны хомсдолтой охинтойгоо эр эмийн ажил хийдэг байна. Нэг биш нэлээд олон ийм тохиолдлыг дээрх байгууллагынхан илрүүлжээ. Тэднийх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Голдуу гэрийн асаргаанд орчихсон, оюуны хомсдолтой, үгүй бол өвчин нь эдгэрэх ямар ч боломжгүй гэж оношлогдсон хүмүүсийг эргэж тойрч, тэдэнд асаргаа сувилгаа үзүүлдэг байна. Ингэж явахдаа төрсөн эцэг нь гэх хүмүүс өрөвдөлтэй, өөрийгөө ч хянах чадваргүй охидтойгоо нэг оронд хэвтэж байхтай олон таарчээ. Гайхаж мэлэрээд асуухаар манай охин ганцаараа унтаж чадахгүй байна, айгаад байдаг юм гэх маягийн тайлбар өгдөг гэнэ. За яахав эцэг нь охиноо хамгаалаад хамт унтжээ гэж бодоод асаргаа сувилгаагаа эхлүүлэхээр хөнжилд нь ойртдог гэнэ. Гэвч охид нь дотоож ч үгүй байх нь энгийн үзэгдэл байдаг байна. Хамгийн гол нь хөөрхий тэр охид өөрсдийгөө хамгаалах ямар ч чадваргүй байдаг. Тус байгууллагынхан нэг биш удаа ийм асуудалтай нүүр тулжээ. Нэг айлын  хувьд эхнэр нь хаяад явчихсан, өвчтэй охин, том хүүтэйгээ эцэг нь үлдсэн байжээ. Том хүүгээс нь “Энэ хүн та хоёрын төрсөн эцэг үү” гэж асуухад тийм гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр нь “Тэгээд яагаад дүүтэй чинь хамт унтаад байдаг юм бэ” гэж асуужээ. Гэтэл хүү нь “мэдэхгүй, аав дүү нь айгаад байна л гэж хариулдаг, би хичээл ном ихтэй учраас гэртээ бараг байдаггүй юм” гэсэн хариулт хэлсэн байгаа юм. Охин нь 20 ч хүрээгүй насных гэж бодохоор өрөвдмөөр байсныг ч асаргааны байгууллагынхан хэлж байв.

         Хэдийгээр үүнийг гэр бүлийн асуудал гээд орхиж болох ч иймэрхүү охид энэ нийгэмд олон. Тэд араатан шинжтэй эцэгийнхээ бэлгийн дур хүслийг хангаад явж байгаа нь эмгэнэл. Хүн гэдэг араатан шинжиндээ орж байгааг дээрх асаргааны байгууллагынхан хэлж байв. Тэр дундаа төрсөн охиноо ашиглаж бэлгийн дур хүслээ хангадаг, тэр охин нь өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй байхад ингэж хандаж байгаа нь бүүр ч эмгэнэл юм. Ер нь бол нэгэнтээ л өөрийгөө хянах, хамгаалах чадваргүй ийм охидыг байрлуулах, асарч сувилах төв хэрэгтэй байгааг эндээс харж болохоор байна. Тус байгууллагынхан охиныг өөрсдийн байрандаа байлгаж асарч сувилах саналыг эцэгт нь тавьсан байгаа юм. Гэтэл би гэртээ ганцаараа байж чадахгүй , тэгээд ч хаа хамаагүй та нарт охиноо өгч явуулахгүй гэжээ. Мэдээж охиноо ашиглаж, унтаж хэвтдэг учраас өгөөд явуулахыг хүсэхгүй нь лав.

        Ийм байдалтай яаж тэмцэх ёстой бэ? Хүний эрх гэж цээжээ дэлдэх дуртай болсон монголчууд бидний дунд хүчин мөхөс нэг нь ийм маягаар эрхээ зөрчүүлж амьдарч байна. Тэр дундаа бүр төрсөн эцэг нь охиныхоо эрхэнд халдаж, бэлгийн гаж буруу дур хүслээ юу юугаа ч мэдэхгүй эмзэг охиддоо гарган, тэднийг бэлгийн хүчирхийлэлд амьдаруулж байна. Энэ бол монголын эмгэнэл яах аргагүй мөн.

Ж.Булган