Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.

Хурлаар КОВИД-19-ийн үеийн нөхцөл байдал, Нэг хаалга-Нэг шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотой асуудал, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.

Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна. Тэрбээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэндийг нэгдүгээрт тавих, эдийн засгийг нэгдүгээр тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа. Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн. Хэрэв эдийн засгийг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засаг ихээхэн цохилт авч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй.

10 их наядын төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно.

Мөнгөний нийлүүлэлтийн тухайд мөнгө хэвлэх гэж байна гэх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон.

Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болсон. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сэргээх юм. Бэлэн мөнгө хэвлэн тараахгүй. Банкуудад байгаа нөөц хөрөнгийг зээл хэлбэрээр эдийн засагт оруулах юм" гэв.