Киотогийн сүмээс олдсон дуулгыг Монголын дайчных гэж үзжээ
2021/02/15
Японы Киото хотын “Китано Тэнмангү” сүмээс өнгөрсөн 11 дүгээр сард олдсон төмөр дуулгыг 13 дугаар зууны үеийн Монгол дайчных гэж үзжээ.
“Китано Тэнмангү” сүмийн хашаан дахь “азэкүра хэв маягийн” агуулахаас олдсон конус хэлбэрийн дуулга нь 22 см өндөр, 23 см диаметртэй, хоёр орчим килограмм жинтэй байжээ.
Энэхүү дуулгыг өнөөгийн Монгол, Хятад зэрэг улсыг 1271-1368 онд захирч байсан Юань гүрний флотыг Япон улс ялсны дурсгал болгон бэлэглэсэн бололтой байна гэж сүмийн төлөөлөгчид мэдээлжээ.
Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны ач хүү Хубилай хаан Юань гүрнийг байгуулсан юм. Хубилай Камакүрагийн үед буюу 1185-1333 онд Японыг хоёр удаа эзлэхийг оролдсон байна. Тодруулбал, Япон, Монголын цэргүүд 1274 /Бүнэйн тулаан/, 1281 /Коаны тулаан/ онд тулалдаж байжээ.
“Китано Тэнмангү” сүмээс олдсон дуулгыг Засгийн газраас соёлын үнэт зүйл гэж үзсэн “Kurourushinuri Kawabari Kabutobachi” дуулгатай төстэй байсныг харгалзан Монголынх гэж үзжээ.
Уг төмөр дуулгыг Коаны тулааны үеэр Сэто тэнгисийн усан цэргийг удирдаж байсан Коно Мичиари одоогийн Эхимэ мужийн Имабари хот дахь “Оямазүмижинжа” сүмд өгсөн гэж үзэж байгаа ажээ.
Хубилай өөрийн гүрэндээ харьяалагдахыг Япон улсаас удаа дараа шаардаж байсан боловч Камакүра Шогүнатэ татгалзжээ. Юань гүрний Японыг эзлэх хоёр оролдлого шуурганы улмаас бүтэлгүйтжээ. Иймээс байгалийн тэдгээр үзэгдлийг “бурхны салхи” гэж нэрлэдэг байна.
Дуулгыг аль тулааны үеэр ашигласан хийгээд “Китано Тэнмангү” сүмд хэрхэн авчирсан нь тодорхойгүй байна. Харин уг сүмд бурхан мэт шүтэгддэг байсан Сүгавара но Мичизанэг /845-903/ дайснуудыг дарах бурхны салхийг бий болгосон хэмээн үзэж, дайны бурхан хэмээн хүндэтгэдэг байна.
Японы эзэн хааны Засгийн газар 1268 онд “Китано Тэнмангү” тэргүүтэй 22 сүмээс Монгол дайчдын эсрэг дайнд ялалт байгуулахын төлөө залбирахыг хүссэн гэж түүхэн баримт бичигт тэмдэглэгдэн үлджээ.
1281 онд эзэн хаан Го-Үдагийн /1267-1324/ зарлигаар “Китано Тэнмангү” сүмд Японы ялалтын төлөө залбирсных нь төлөө хүндэтгэл үзүүлсэн байна.
Төмөр дуулгыг сүмийн үнэт эд зүйлсийн танхимд хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 14 хүртэл дэлгэх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг