С.БҮЖИН

Улстөрчид өрсөлдөгчөө харлуулж, өөрсдөдөө ашигтай улс төрийн акц өрнүүлэхийн тулд дүрс бичлэг задалдаг, олон нийтийн сүлжээгээр түгээдэг моод манайд дэлгэрчихжээ. Сүүлдээ энэ нь бүр эрчээ авч, улс төрд хөл тавьж буй залуучууд болон улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхний эсрэг сөрсөн хэн бүхнийг олон нийтийн сүлжээгээр гутааж, харлуулдаг технологи болж хувирав. Энэ хандлага, арга нь нийгмийг хоёр талцуулж, маргаан мэтгэлцээн өрнөж байх хооронд өнөө улстөрчид нь хождог жишиг бий болчихжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд дугаар байрны тоот руу орж, гарч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдав. Үүнээс үүдэж холбогдох байгууллагууд хэрэг үүсгэн шалгаж буй гэх мэдээлэл ч гарлаа.

Дээрх хууль хяналтын байгууллагын нэр дурдагдсан зарим ажилтан нь нийгэмд шуугиан дэгдээсэн томоохон хэргүүдийг шүүж байжээ. Гаргасан шийдвэрийнх нь дараа заримыг нь улс төрд сүүлийн үед ихээхэн хэрэглэгдэж буй “хонгилын” гэх нэр томъёог ашиглаж, хонгилын шүүгч хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр бүхий улстөрчид цоллож байсан билээ. Өнгөрсөн амралтын өдөр цацагдсан бичлэгээс улбаалж, нийгэм хоёр талцсан. Тодруулбал, уг бичлэгт З.Болдбаатар, Д.Отгонбаатар, Б.Баасанцогт, П.Чулуунбаатар, Х.Идэр нарын хүмүүс байжээ. Тэдний дөрөв нь хууль хяналтын байгууллагын ажилтан аж. Хяналтын камерт харагдаж буй огноогоос харагдах уг дүрс бичлэг бүх нийтийн хөл хорио тогтоохоос өмнө уулзалт болох нь тодорхой байв. Тэднийг хөл хорионы үеэр охид бүсгүйчүүдтэй архидан согтуурсан гэсэн мессэж олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэд шүүмжилсэн бас өмөөрсөн байр суурийг илэрхийлж байгаа билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх хугацаатай үүрэг, даалгаврыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт өглөө. Нэг ёсондоо шинэ томилогдсон Ерөнхий сайд хэн дуртай нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байдлыг цэгцэлж, нийгэмд шударга ёс тогтоох ёстой гэж үзэж байна. Тэрбээр гүйцэтгэх ажлаа аваад хэлсэн үгэндээ ч энэ тухай онцолж байсан юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхөдтэй хатуу тэмцэнэ. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ” хэмээн чуулганы индрээс мэдэгдэж байв. Энэ үгэндээ ч эзэн болж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байдлыг таслан зогсоохоор ийн Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харьяа байгууллагад үүрэгдсэн байна. 

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх нэр бүхий шүүгч нар дээр хууль бус гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулсан эздийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх, өмнөх асуудлуудыг нь сэргээн шалгаж, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах чиглэл өгчээ. Мөн шүүх, хууль хяналтын байгууллагынхан үгсэн хуйвалдаж, хэрэг наймаалцдаг байдалд хяналт шалгалт хийх чиглэл өгөөд байна. Үнэндээ хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байдал нийгэмд үе үе гардаг. Үүнийг нь нийгэм даяараа хоёр өдөр шуугиад мартаад өнгөрдөг байдалтай тэр эвлэрэхгүй, хатуу тэмцэхээ ийн илэрхийлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаанд өртөж байсан. Мөн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөхийн ажлын өрөөний компьютерт чагнах төхөөрөмж суурилуулсан хэрэг гарч байсан цаг саяхан. 

Энэ хэргүүд өдгөө ч шийдэгдээгүй, хэрхсэн нь тодорхойгүй нам гүм болсон. Энэ бүхэнд цэг хатгах шаардлага үүссэнийг, хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байх ёстойг сануулсан үйл явц болж байна. Үүний нэг жишээ нь, Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгтэй холбоотой мэдэгдэл гаргасан явдал юм. Мэдэгдэлд “...Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл фэйсбүүк, сошиал орчинд иргэд, төрийн албан хаагчдын нэрийг тодорхой дурдаж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн шинжтэй мэдээ, мэдээлэл гарч байна.

Иймд Нийслэлийн прокурорын газраас Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээдээс хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл гаргахгүй байх, таслан зогсоох, шалгаж тогтоох, Үндсэн хууль болон Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдөж хамгаалагдсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар тус байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгийг Ерөнхий сайд хууль бус гүйцэтгэх ажиллагаа хэмээн үзэж байна. Нийгэмд ялангуяа улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхний үгсэн хуйвалддаг байдалд цэг тавих ёстойг уг бичлэгийг гаргаж тавьсан байдал харуулчихлаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН