Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсан сэдэв болсон. Тиймээс энэ асуудалд цэг тавьж, одоо Ерөнхийлөгч байгаа болон өмнө нь сонгогдож байсан хүмүүс нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгайлан зааж өгөхийг хүсэж, хуульч Д.Үүрцайх өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан юм.

Түүний мэдээллийг Цэцийн гишүүн Д.Солонго авч үзээд маргаан үүсгэсэн байсан ч энэ шийдвэрийг нь Цэцийн гишүүн санал гаргасан үндэслэлээр гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дахин авч үзэхээр болсон байна. Гэтэл энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд очсоны дараа болсон процесс бөгөөд Төрийн тэргүүний Цэцэд нөлөөлсөн шинжтэй үйл ажиллагааны үр дагавар болчихов уу гэж тэрбээр үзэж байгаа ажээ. Энэ талаар хуульч Д. ҮҮРЦАЙХТАЙ ярилцпаа.

-Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан таны мэдээллээр маргаан үүсгэсэн байсан. Гэтэл дахин авч хэлэлцэхээр болсноос гадна хариуцах гишүүнийг нь өөрчилжээ. Энэ талаар танд хэзээ мэдэгдэв, ямар учраас мэдээлэл хэлэлцэх процесст өөрчлөлт орчихов?

 

-Миний бие УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамтаар Монгол Улсын иргэнийхээ хувьд өнгөрсөн нэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэцэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн тухай мэдээлэл гаргасан. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр түүхэнд анх удаа Цэцийн гишүүний энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч санал гаргасан бөгөөд уг асуудлыг хуульд зааснаар Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн дарга шийдвэрпээд зогсохгүй илтгэгч гишүүнээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод томилсон тухай албан бус мэдээллийг бид авлаа. Цэцийн Тамгын газраас энэ сарын 15-нд надад энэ талаар утсаар мэдэгдсэн. Үүний дагуу зарим зүйлийг тодруулсан боловч миний гаргасан гомдлыг ямар бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх гэж байгаа зэргийг нууцалдаг юм гэнэ. Хэрэв бидний авсан албан бус мэдээлэл үнэн бол Ш.Цогтоо гишүүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай шууд ба шууд бус замаар холбоотой хүн гэж үзэж байгаа. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо нь МоАХ-ны гишүүн бөгөөд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байсан, асуудалд хэт улстөржиж ханддаг, хэлэлцэгдэж буй асуудалд урьдчилсан байр суурьтай гэж үзэж болохоор мэдээлэл, үндэслэлүүд байдаг. Үүнээс гадна энэ хүний охиныг Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулж байсан бөгөөд дэмжлэг аваагүй болохоор тэр үед Элчин сайдуудыг оруулсан саналаа татаж авч байсан, улмаар Пусан хотод суух Ерөнхий консулаар томилоход нөлөөлж оролцсон байх магадлалтай гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр бичигдсэн. Энэ бүхнээс харахад ашиг сонирхлын зөрчилтэй ч байж болохоор байна. Түүнчлэн Ш.Цогтоо гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн харилцаатай бөгөөд өрөөгөөр нь байнга орж гардаг гэх мэдээлэл байдаг нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хараат бус байх зарчмыг тууштай баримталдаг эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

 

-Үндсэн хуулийн Цэцээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэхээр таныг хэргийн оролцогч гэж үзэхгүй байгаа гэсэн үг үү?

 

-Мэдээлэл гаргасан учраас миний бие хэргийн оролцогч шүү дээ. Гэтэл процессын үйл ажиллагааны талаарх шийдвэрийг хэргиин оролцогчоос нуугаад, хуульд заагдсан татгалзан гаргах эрхээ эдлэх боломжгүй болгон нууцалж байгаа нь яав ч зүй ёсонд нийцэхгүй. Бас яг Бага суудлын хуралдаан гэж үзэхэд хэцүү энэхүү “Гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” гэдэг нь хэрхэн хуралдах, ямар дэгээр явагдах зэрэг нь хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй байна. Тиймээс энэ нь хуулийн, цаашилбал Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулахаар байгааг бас дурдах нь зүйтэй. Нэгэнт маргаан үүсгэсэн асуудлыг хуйвалдааны шинжтэйгээр дахин авч үзэж, цуцлах чиглэлд ашиг сонирхлын зөрчилтэй байж болох. Тиймээс маргаж буй асуудлын талаар урьдчилсан байр суурь нь тодорхой байгаа гишүүдийг оролцуулж байгааг эсэргүүцэж байгаа юм. Үүнийг би хувьдаа улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэж үзсэн учраас хуваарилсан гишүүнээс татгалзах хүсэлт гаргасан.

 

-Өмнө нь үүсгэсэн маргааныг болиулчихаад байгаа үед Цэцийн гишүүнээс татгалзсан таны хүсэлтииг хангах магадлал харагдахгүй байна, энэ тохиолдолд яах вэ?

 

-Маргаан үүсгэсэн Цэцийн гишүүний тогтоолыг хараахан өөрчлөөгүй байна. Ямар ч байсан миний хүсэлтийг Цэц хүлээж авсан. Харин хангах эсэхийг хэлж мэдэхгүй юм.

-Нэгэнт маргаан үүсгэсэн байхад ямар шалтгаанаар болиулсан гэдгийг та олж мэдэв үү. Цэцийн гишүүд нэгнийхээ ажилд шууд оролцсон явдал болсон юм байна.

 

Тэгэхээр Б.Буяндэлгэр гишүүнд энэ хэрэгт оролцох ямар шаардлага байсан юм бол?

 

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Цэцийн гишүүн ийм санал гаргах зохицуулалт Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд байдаг. Энэ зохицуулалтын Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд болон зохистой зохицуулалт гэдэгт хувь судлаачийн хувьд эргэлздэг. Мөн ардчилсан Монгол Улсын түүхэнд энэ зохицуулалтыг Б.Буяндэлгэр гишүүн анх удаа хэрэглэж байгаа нь энэ. Миний мэдэж байгаагаар Б.Буяндэлгэр гишүүн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон хүн шүү дээ. Ерөөсөө энэ хүн өөрийг нь санал болгож, Цэцийн гишүүн болгосон Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашгийг хамгаалсан үйлдэл хийлээ гэж үзэж байна. Түүнээс хууль ёс, Үндсэн хуульт ёсыг хамгаалах зорилгоор Д.Солонго гишүүний үүсгэсэн маргааныг дуусгавар болгох үр дагавартай санал гаргаагүй болов уу гэж дүгнэж байна. Дээрээс нь Ш.Цогтоо шүүгчийн хувьд Улсын Дээд шүүхээс санал болгон томилогдсон боловч бүрэн эрхийнх нь хугацаа дууссан хүн. Ийм л уялдаа холбоотой хүмүүс энэ үйл явцад оролцоод байгаа учраас би хувьдаа үүнийг улс төрийн нөлөөлөлтэй, хуйвалдааны шинжтэй зүйл болчихлоо гэж үзээд байгаа юм. Ш.Цогтоод хуваарилчихаар бидний мэдээллийг үгүйсгэсэн шийдвэр гаргах магадлал өндөр болно гэж үзэж байна. Цэцийн дарга Н.Чинбатыг ч мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоо сүлбээтэй гэх мэдээлэл ч яригддаг.

 

-Гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дахин авч үзнэ гэхээр Д.Солонго гишүүний үүсгэсэн маргааныг болиулах магадлалтай юм байна, тийм үү?

 

-Яг л тийм нөхцөл үүсээд байна. Дунд суудлын хуралдаан таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр болдог. Гэтэл тийш оруулахгүйгээр наана нь арай цөөн буюу гурван гишүүнээр хэлэлцүүлээд асуудлыг дуусгачих гээд байгаа юм. Энэ бол үнэхээр ноцтой асуудал гэж би хувьдаа харж байна.

 

-Таныг Цэцэд мэдээлэл хүргүүлж, маргаан үүсгэсний дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцэд биечлэн очсон байдаг. Гэтэл араас нь Цэц үүсгэсэн маргаанаа болиулж байгаа нь Ерөнхийлөгчийн нөлөөлөл орчихлоо гэж хардахаас аргагүй харагдаад байна л даа?

 

-Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэцэд очсон нь анхны тохиолдол болсон. Ерөөсөө Ерөнхийлөгч Цэцэд биечлэн очоод байх шаардлага ч байхгүй юм. Яагаад гэхээр Ерөнхийлөгч гэдэг бол хувь хүн бус институц шүү дээ. Тайлбар өгөх шаардлагатай бол Тамгын газраараа дамжуулах ёстой.

Гаргасан тайлбарт нь үндэслээд Цэц шийдвэр гаргах ёстой байтал эрх мэдлээрээ далайлгаж очиж уулзаж байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн нэг оролдлого гэж үзэхээс аргагүй юм. Үндсэн хуулийн Цэцэд дахин дахин очиж уулзсанаар Цэцийн даргад нөлөөлчихөв үү гэж харж байгаа.

 

-Таны хувьд Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэх тухайд маргаангүй гэж үзээд байгаа шүү дээ. Дээр дурдсанчлан Цэцэд биечлэн очиж, магадгүй нөлөөлөх байдлаар шийдвэр гаргуулах оролдлого хийгээд байгаа нь Х.Баттулга Ерөнхийлөгч дахин нэр дэвших бодолтой байгаа юм болов уу гэж харагдаад байна?

 

-Энэ бол маргаангүй асуудал юм, уг нь. Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвших хүн зургаан жилээр, зөвхөн нэг удаа сонгогдоно гээд заачихсан. Гэтэл өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшчихээр нэг удаа сонгогдож байсан хүн 4+6 буюу 10 жил, хоёр удаа сонгогдож байсан нь 8+6 буюу 14 жил Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эрхийг хэрэгжүүлэх гээд байгаа биз. Тэгэхээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт зөрчигдөнө шүү дээ. Харин энэ заалтыг нэр дэвшигчийн тусгай шаардлага гэж нэмж оруулж өгөөч гэдэг агуулгаар миний бие Цэцэд хандсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн агуулгатайгаар баталчихсан учраас бид Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан юм. Энэ байдлаа засаач, хууль тогтоогчдод үүрэг өгөөч гэдэг утгаар мэдээлэл гаргаад байгаа юм.

 

-Таныг анх Цэцэд мэдээлэл хүргүүлэхэд маргаан үүсгэхгүй байж болох байсан. Гэтэл маргаан үүсгэсэн хойноо болиулж байгааг хэрхэн ойлгох вэ?

 

-Маргаан үүсгэхгүй байж болох байсан ч үүсгэсэн. Гэсэн атлаа энэ шийдвэрийг болиулах оролдлого хийж байна. Д.Солонго гишүүний хувьд миний гаргасан мэдээллийн дагуу хууль зүйн тодорхой үндэслэлүүдийг харсны үндсэн дээр үнэхээр Үндсэн хуулийн зөрчил агуулсан байж болзошгүй гэж үзээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байж таарна. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнээр асуудлыг шийдүүлье гэдэг утгаар маргаан үүсгэсэн гэсэн үг шүү дээ. Гэтэл үүнийг цуцлуулах санал гаргаад Цэцийн дарга нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болох Ш.Цогтоо гишүүнд шилжүүлэх шийдвэр гаргаж байгаа нь цаанаа улс төрийн тодорхой эрх ашигт үйлчилсэн, хуйвалдааны шинжтэй байна гэж хувь иргэнийхээ хувьд дүгнэж байна.

 

Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэцийн гишүүд өөрийг нь санал болгож томилуулсан хүнд үйлчлэх маягаар улстөржсөн шийдвэр гаргаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрч, нам бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн эсвэл хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн шийдвэр гаргах нь буруу.

 

-Д.Солонго гишүүний үүсгэсэн маргааныг болиулсан, өөр гишүүнд харьяалуулсан зэргээс үзэхэд Цэц таны гаргасан мэдээллийн эсрэг буюу Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхтэй гэсэн шийдвэр гаргах магадлалтай болчихож байгаа юм биш үү. Энэ тохиолдолд та бүхэн ямар алхам хийх вэ?

 

-Үндсэн хуулийн Цэцээс бидний эсрэг шийдвэр гаргачихвал процесс зогсоно гэсэн үг. Бидний гаргасан мэдээлэл цаашаа авч хэлэлцэгдэхгүй болно. Гэхдээ мэдээж дараа дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх болно. Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэдэг агуулгаар дахиад Цэцэд хандана. Үндсэн хуульт ёсоо хамгаалах ёстой шүү дээ. Миний ойлгосноор эдгээр хүмүүс асуудлыг маш хурдан хугацаанд шийдэх гээд байгаа юм шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдгээр дахиад хэн нэгэн гомдол гаргах боломжгүй болгож хаахын тулд иймэрхүү хуйвалдааны шинжтэй зүйл оролдлого гэж үзэхээс аргагүй юм. Үндсэн хуулийн Цэцэд дахин дахин очиж уулзсанаар Цэцийн даргад нөлөөлчихөв үү гэж харж байгаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Нэр дэвшигчид тун удахгүй тодрох ёстой. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихээ зарлаад явчихвал яах вэ. Үндсэн хуулийн Цэц ямдр шийдвэр гаргахаас үл хамаараад ийм процесс өрнөхийг үгүйсгэхгүй юм?

 

-Нэр дэвшихээ зарлаад явахыг үгүйсгэхгүй, болно. Гагцхүү энэ нь хууль бус зүйл гэдгийг бид дахиад гаргаж тавих болно. Үндсэн хууль зөрчиж байгааг нь хэлж ярина. Шаардлагатай бол дахиад ч Цэцэд хандана.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин