Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан гэв үү
2021/04/15
С.БАТЗАЯА
Манай улс цар тахлын сүүдэрт өртөж, нийслэлд хотдоо хатуу хөл хорио тогтоож, улсаараа хүндхэн цаг үеийг туулж буй ч улстөржилт хэрээс хэтэрч, нийгмийг талцуулсан хэвээр байна. Бүр зарим хэсэг нь ковидоор далимдуулан “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн” шийдвэр ч гаргажээ. Үүнийгээ ковидын үед хэрэгжүүлэхээр баталсан хуулийн хүрээнд хийсэн гэж өөрсдийгөө өмөөрсөн зөвтгөл, тайлбар ч хэлсэн байх юм.
Иргэдийн мэдээлэлгүй байдлыг далимдуулан мөн коронавирусийн тоон мэдээлэлд сатаарч байх хооронд зарим яам, агентлагт хууль бус томилгоо хийсэн байна. Ийн төрийн дураараа дургиж байх хооронд төрийн өндөрлөгүүдийн зарим нь шүүхэд гомдол гаргаад амжжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан мэдээллийг санаатайгаар тараасан.
Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмэн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж тайвнаар хийсэн жагсаалыг улстөржүүлсэн. Цаашид ч ийм үйл ажиллагааг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэх худал мэдээллийг зориуд тараасан.
Үндэслэлгүй худал мэдээлэл тарааснаас хойш хоёр сар өнгөрсөн ч Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрийн хэлсэн үгийн үнэн зөвийг баталж нотлоогүй” гэв. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэж үзэн УИХын гишүүн У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан нь энэ аж. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой үйл явдлыг эргэн сануулбал, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээ огцрохдоо буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдрийн УОК-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал цуглааныг Ерөнхийлөгч зохион байгуулж, жагсагчдыг өдөөн хатгасан гэж мэдэгдсэн юм байна. Энэ нь төрийн тэргүүний гомдох шалтгаан болжээ. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ажлаа өгөхдөө “Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна. Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдынхаа хувьд үйл ажиллагаа явуулах боломж байхгүй боллоо” хэмээн мэдэгдэж байв. Харин үүний хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.
Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна.Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна” хэмээж байсан билээ. Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг УИХ бүрнээ дэмжсэн. Үүнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад ажлаа өгөх болов гэдэг нь олон нийтийн дунд таамаг хэвээр байна.
Хэдийгээр тэрбээр “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ рүү тусгаарлахаар зөөхдөө хүний ёсоор хандаагүйд манай Засгийн газар хариуцлага хүлээе гэсэн утгатай зүйл хэлж, үүнийгээ огцрох хангалттай үндэслэл гэж байсан. Гэвч цаг хугацааны явцад энэ нь зүгээр нэг шалтаг байсан нь харагдаж буй билээ. Он цаг өөрөө бүхний гэрч болохыг харуулсан үйл явц нийгэмд өрнөж байна ч гэж тодорхойлж болохоор байгаа юм. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайддаа гомдож, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй анхны тохиолдол энэ болж байна. Мөн УИХ-ын чуулганы индрээс Ерөнхийлөгчөө шударга бус зүйлд өдөөн турхирсан гэж зарласан анхны Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх боллоо.
Энэ бүх үйл явдлын утсыг хөвөрдөж хөөвөл, ерөөс ирэх зургадугаар сард болох төрийн тэргүүний сонгуулийг угтсан улс төр гэж харагдаж байна. Сонгууль нэртэй энэ сунгаанд хэн нь илүү оноо цуглуулах вэ гэх марафон хэдийн эхэлчихжээ. Намаасаа нэр дэвших эрхээ авах эсэх нь үүний дараагийн асуудал болчихож байгаа юм. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хувьд ирэх зургадугаар сард болох төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа хэдийн орсон гэх мэдээлэл бий. Хэдий ийм ч түүний рейтинг Ерөнхий сайд байх үеийнхээсээ хоёр дахин буурсан судалгаа бий аж. Энэ нь намаасаа нэр дэвших эрх авсан ч олон нийтээс дэмжлэг авахад хүндхэн сорилттой тулгарах учир хаврын улс төрийг нэлээд идэвхжүүлж буй гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд яригдаж байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Иргэн · 2021/04/16
Хараад байхад, Ерөнхийлөгч өөрөө асуудлыг маш их улс төржүүлээд дэврээгээд байх юм. Уул нь тэгэх хэрэггүй л харагдаад байгаа юм?! Улс төрийн тогоонд ханатлаа л чанагдлаа?! Одоо болоошдээ?! Н.Энхбаяр бас нэг ийм байдлаас болоод олон хэцүү асуудалтай тулгарч байсан?! Минийхээр бол юм үзэж нүд тайлсан хүн шиг чимээгүй ууцаа үүрээд өөрийнхөөрөө л алхачихмаар санагддаг?! Болдоггүй юм байдаг юм болов уу даа?!
Иргэн · 2021/04/16
Хараад байхад, Ерөнхийлөгч өөрөө асуудлыг маш их улс төржүүлээд дэврээгээд байх юм. Уул нь тэгэх хэрэггүй л харагдаад байгаа юм?! Улс төрийн тогоонд ханатлаа л чанагдлаа?! Одоо болоошдээ?! Н.Энхбаяр бас нэг ийм байдлаас болоод олон хэцүү асуудалтай тулгарч байсан?! Минийхээр бол юм үзэж нүд тайлсан хүн шиг чимээгүй ууцаа үүрээд өөрийнхөөрөө л алхачихмаар санагддаг?! Болдоггүй юм байдаг юм болов уу даа?!
Иргэн · 2021/04/16
Хараад байхад, Ерөнхийлөгч өөрөө асуудлыг маш их улс төржүүлээд дэврээгээд байх юм. Уул нь тэгэх хэрэггүй л харагдаад байгаа юм?! Улс төрийн тогоонд ханатлаа л чанагдлаа?! Одоо болоошдээ?! Н.Энхбаяр бас нэг ийм байдлаас болоод олон хэцүү асуудалтай тулгарч байсан?! Минийхээр бол юм үзэж нүд тайлсан хүн шиг чимээгүй ууцаа үүрээд өөрийнхөөрөө л алхачихмаар санагддаг?! Болдоггүй юм байдаг юм болов уу даа?!
Зочин · 2021/04/15
энэ хоёр хөтлөлцөөд очих ёстой газраа очсон дээрээ
Итгэсэн дэмжсэн · 2021/04/15
сонголтоо хийсэн байсан одоо эргэлзэх болсон.