Хөдөлмөрийн Үндэсний Намыг үүсгэн байгуулагчдын нэг С.Зоригтбаатартай ярилцлаа.

ХҮНамыг анх үүсгэн байгуулсан түүхээс яриагаа эхэлье?

 

Хөдөлмөрийн Нам дэлхийн олон улс оронд байдаг. Жишээ нь: Англид Тони Блейрийн нэгэн цагт даргалж байсан Нью Лейбор нам гэж бий, Шинэ Зеландад ч бий.Иймээс ч Монголын улс төрд өөрийн гэсэн чиг баримжаатай, зүүн төвийн үзэлтэй, ажилчин ангийн эрх ашгийг хамгаалдаг, хөдөлмөрчдийн төлөөллийг багтаасан намыг бий болгож хөгжүүлье гэдэг зорилгоор Хөдөлмөрий Үндэсний Намыг хэсэг нөхдийн хамт одоогоос арван жилийн өмнө буюу 2011 онд үүсгэн байгуулсан. 2011 оны 4 сарын 18-нд байсан санагдаж байна. Би Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Хөдөлмөрийн Үндэсний Нам гэсэн албан ёсны нэрээ авч, 2011 оны 12 сарын 05-ны өдөр  Улсын Дээд Шүүхэд албан ёсоор бүртгүүлж байлаа.

 

Улмаар би ХҮНамын даргаар ажиллаж байгаад 2015 онд ээлжит бус их хурлаар С.Боргил гэдэг хүнд тамга, гэрчилгээ, намын бусад бичиг баримтыг хүлээлгэж өгсөн байдаг.

 

Тодруулбал энэ үед Хөдөлмөрийн Үндэсний Намд “Цахим өртөө”, “Эв Монгол”, “Реформ” клуб зэрэг салбар салбарын мэргэжилтэн залуусаас, төрийн бус байгууллагууд залуучууд нэгдэн, намыг шинээр бэхжүүлж эхэлсэн. С.Боргил дарга бид хоёр хамтдаа нийт 20 000 гаруй гишүүн элсүүлж, 21 аймаг төдийгүй сум, дүүрэг хороодод намын анхан шатны байгууллагуудаа байгуулсан.Ингэж анхан шатны байгууллагуудаа бүрэн бэхжүүлсэнийхээ дараа буюу 2016 оны 01 сарын 17-нд Улсын Драмын Театрт Хөдөлмөрийн Үндэсний Нам ээлжит их хурлаа 500 гаруй  төлөөлөгчтэйгөөр зохион байгуулсан байдаг. Энэ ХҮН-ын их хурлын 500 гаруй төлөөлөгчид санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮНамын даргаар сонгосон юм.

Тухайн үед С.Ганбаатар даргыг сонгох үед одоогийн ХҮНамын удирдлага гэж өөрсдийгөө нэрлээд байгаа Т.Доржханд, Б.Найдалаа нар  мөн л дэмжиж, алга ташаад л сууж байсан. Гэвч удалгүй маргаан эхэлсэн. Тодруулбал Т.Доржханд гэдэг хүн тухайн үед ХҮНамын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын сонгуульт ажил хийж байсан. Би удирдах зөвлөлийн гишүүн байлаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн систем тухайн намын жагсаалт бүхий холимог систем байсан. Тэрхүү намын жагсаалтын эхний 28-д хэн хэн бичигдэх вэ? гэдэг асуудал байсан. Гэтэл уг жагсаалтыг мөнгөөр үнэлж зарах тухай санааг Т.Доржханд гаргасан юм. С.Ганбаатар, Т.Доржханд хоёрын зөрчил үүнээс эхэлсэн.

Улмаар маргаан ч ужгирч, Т.Доржханд, Б.Найдалаа нар ХҮНамаас гараад, УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшээд явцгаасан.Тодруулбал Т.Доржханд Хан-Уул, Б.Найдалаа Чингэлтэй дүүрэгт бие даагаад намаа орхиод явчихсан. Бууриа сахисан хэсэг нөхдөө би удирдаад НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцсон. Улмаар НИТХ-ын 2020 оны сонгуульд бид нар даагаа нэхэж оролцох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Сүхбаатарын талбай дээр Б.Найдалаа, Т.Доржханд хоёр  хоёулхнаа зогсож байгаад Нийслэлийн ХҮНамын хорооны даргаар “Шинэ Монгол” сургуулийн П.Наранбаяр гэдэг хүнийг томиллоо гэж зарласан. Яагаад ингэж байгаа юм бэ? Дүүргүүдийн намын удирдлагатай ярилцахгүйгээр ингэж болохгүй. Манай намын дүрэмд ч байгаа. Дүүргүүдийн нам нь оролцож байж, нийслэлийнхээ намын даргыг сонгох ёстой. Гэтэл бид нарын сонгох эрхэнд халдаад Нийслэлийн ХҮН-ын даргыг сонгоход оролцуулаагүй. Та нарыг татан буулгачихсан. Та нарыг намын гишүүнчлэлээс хассан гэж байгаа юм.

 

Дүүргийн намыг хэн нэгэн дураараа татан буулгах  ямар ч боломжгүй. Баянзүрх дүүргийн ХҮН-ын хороог Баянзүрх дүүрэг дэхь ХҮН-ын гишүүд хуралдаж байгуулсан байхад зүгээр нэг өөрийгөө даргад өргөмжилсөн хүн шууд тушаал гаргаад татан буулгачихна гэж байхгүй л дээ. Намын дүрэмд намын их хурлаар л намыг татан буулгах тухай асуудал байдаг. Улс төрийн намын тухай хуулиараа ч боломжгүй. 2017 оны 5 сарын 24-ний өдөр орон нутгийн сонгуультай холбоотойгоор Захиргааны хэргийн шүүх дээр Б.Найдалаа бид хэд  заргалдсан юм. Энэ явцад Улсын Дээд Шүүхийн архиваас нэг мэдээлэл олж авсан. Тэр нь юу вэ? гэхээр ХҮНамын хурал хийсэн гээд нийт тавин найман хүний нэр байсан. Гэтэл энэ тавин найман хүний хорин хоёр хүн нь ерөөсөө энэ намд ямар нэгэн сонгуульт ажил хийдэггүй хүн байсан. Өөрөөр хэлбэл хуурамч хүмүүсээр ирц бүрдүүлээд,  найз нөхдөөрөө гарын үсэг зуруулчихсан байсан юм. Жишээ нь: Нацагдоржийн Энхжаргал гэж эмэгтэй Нийслэлийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч гээд гарын үсгээ зурчихсан. “Гэрэг партнерс”-ийн захирал, Т.Доржхандын найз байх жишээтэй. Мөн Дарьсүрэнгийн Бат-Эрдэнэ гэж Нийслэлийн намын хорооны дэд дарга  байгаагүй.Мөн Баянгол дүүрэг, Налайх дүүргийн намын хорооны дарга А.Диваачамбын гарын үсгийг хуурамчаар зурчихсан. А.Диваачамба: “Би энэ хуралд суугаагүй ээ” гэсэн бичиг гараараа надад бичиж өгсөн байгаа. Тэр хүн 2017 оны 5 сарын 24-ний өдөр намын ямар нэг хуралд, тодруулбал Б.Найдалааг намын даргаар сонгох хуралд оролцоогүй болно гэдгээ баталсан.Өөрөөр хэлбэл Б.Найдалаа нар Улсын Дээд Шүүхийг хууран мэхлэх замаар намын даргаар бүртгүүлсэн.Тухайн үед хүчин төгөлдөр байсан Хөдөлмөрийн Үндэсний Намын дүрмийн тавын зургаад Намын төв хороо энэ хурлыг зарлаж, намын дарга удирдах ёстой гэж заасан. Гэтэл уг хурлыг Намын дарга С.Боргил удирдаагүй. Өөрөөр хэлбэл Б.Найдалаа гэдэг хүн хуурамч бичиг баримт бүрдүүлээд энэ намын дарга болчихжээ. Тэгэхээр Б.Найдалаагаас намын тамга гардсан гэх Т.Доржханд ч хууль бус.

 

Хамгийн сонирхолтой нь тухайн үед тамга тэмдэг хэрэглээгүй дарга болгочихсон, өөрийгөө. Харин надаас жилийн дараа буюу 2018 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, тамга тэмдэг гэрчилгээгээ авсан байдаг юм.

Нөгөө Дээд Шүүх дээр бүртгүүлсэн бүртгэлээрээ нэг ёсондоо түрий бариад. Хөдөлмөрийн Үндэсний Намын гэрчилгээ, тамга, бүртгэлийн батламжийг хүлээлцсэн акт гээд 2018 оны 11 сарын 07-ын огноотой баримт нь энэ байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай гээд бас баримт бий.

Т.Доржханд нь Б.Найдалаадаа тамга тэмдгээ өгч байгаа юм. Тэгээд буцаагаад Б.Найдалаа нь Т.Доржханддаа буцаагаад өгчихөж байна. Энэ будлиантай хурал гэгчид Д.Гантулга өөрийнхөө эхнэрээ оруулаад гарын үсэг зуруулсан, мөн төрсөн эгчээ хүртэл оруулсан. Ийм хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар энэ нөхдүүд УИХ-ын сонгуульд оролцсон, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцсон, одоо Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л  хууль бусаар орох гэж байна. Нэг ёсондоо буруу замаар буцаад будаа тээж байгаа учраас үүнийгээ хурдан зөв болгооч ээ, залруулаач ээ гэдэг шаардлагыг бид Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага өгсөн.Хэрвээ энэ Хөдөлмөрийн Үндэсний Намын нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох юм бол энэ сонгууль өөрөө хүчингүй болно шүү. Яагаад гэвэл намын удирдлага гэгчид нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж, намыг хулгайн замаар авч, хүний гарын үсгийг хуурамчаар зурсан. Д.Энхбат гуайг би  хүндэлдэг. Тэгэхдээ тэр хүний өмнөөс нь харамсаж байна. Яагаад гэвэл тэр хүн ХҮН-ын дотоод нарийн ширийн учрыг нь мэдэхгүйгээр нэр дэвшихийг зөвшөөрчихлөө шүү дээ. Тухайн үед Сувд гуайн хүү Т.Бат-Оргил нийслэлийн ХҮНамын дарга байсан. Тэр хүний өөрийнх нь бичиг нь бас байгаа. Жишээ дурьдахад АН дээр С.Эрдэнэ гэдэг хүн Ц.Туваанд “Чамд тамга тэмдгээ шилжүүлж байна аа” гээд өгснийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гэтэл нэг өдөр сэрээд харсан чинь С.Эрдэнэ нь ах нь тамгаа алдчихлаа, дахиад тамганы нэг хяналтын дугаар өгөөдөх гээд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хандаад эхэлсэн.

 

 

 

 

Хамгийн гол нь МАН-ын захиалгаар юм уу? юугаар юм мэдэхгүй, шууд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар шинэ тамганы хяналтын дугаар өгчихөж байгаа юм. Ингээд л С.Эрдэнэ буцаад намын дарга гэж өөрийгөө зарлаад,хоёр хуваагдчихсан шүү дээ. Яг үүнтэй адилхан С.Ганбаатар,Тордайн Ганболд нарыг бүртгэхгүй явж байтал Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр Б.Найдалаа, Т.Доржханд нар хуурамч бичиг баримт бүрдүүлээд л өөрсдийгөө дарга болгочихсон. Дээд шүүх тэдний материалыг сайн нягталж үзээгүй юу? эсвэл ямар нэгэн авлига, ашиг сонирхол орсон уу? Юутай ч хууль бусаар намын удирдлагыг Б.Найдалаа, Т.Доржханд нар авсан.

 

 

 

 

Та анх ХҮНамыг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан юм байна.Ер нь Т.Доржханд, Б.Найдалаа гэдэг хүмүүстэй анх яаж холбогдож, хамтарч ажиллаж эхэлсэн юм бэ?

 

Т.Доржханд, Б.Найдалаа нар бол ах дүү нар юм билээ. Үеэлүүд гэлүү дээ.

Энэ залуучууд анх уулзаад, ХҮНамд бид гишүүнээр элсээд , улс төрд шинэ  хүчин бий болгож гаргаж ирье.Танай ХҮНам чинь болж байна аа. ХҮН гээд товчлол нь ч, Хөдөлмөрийн Үндэсний Нам гээд нэр нь ч их гоё юм гээд л...

Би  энэ логогоо зураачаар зуруулж, өнгө нь бусад намуудаас ялгарах ёстой тул чернилэн ягаан өнгөөр суурь болгоё гээд эхэлж байлаа. Бид нарын гараа их сайхан байсан.Харамсалтай нь зам мөр маань ийм болчихож. Уг нь хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Болохгүй зүйлүүдээ ярилцаад, дүрэмдээ захирагдаад л явах ёстой. Харамсалтай нь тэд тийм байж чадахгүй байна. 

 

Б.Найдалааг Улсын Дээд Шүүх ХҮНамын даргаар бүртгэсэн үйл явдлаас хойш жилийн дараа тамга тэмдгээ танаас авсан гэж байна. Нэгэнт Б.Найдалааг ХҮНамын даргаар бүртгэсэн үйл ажиллагаа хууль бус болж буй юм бол одоо гарч байгаа ХҮНамын бүх шийдвэрүүд хууль бус болж байна гэсэн үг үү?

 

Бүгд хүчин төгөлдөр бус.Одоо гарч байгаа Хөдөлмөрийн Үндэсний Намын бүх шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа.Эх нь булингартай бол адаг нь бас булингартай. Анхнаасаа өөрөө дүрмийн бус, хууль бусаар Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн учраас түүнээс хойших бүх үйл явдал бас л хууль бус гэж би ойлгож байгаа. 

 

Б.Найдалааг ХҮН-ын даргаар бүртгэсэнтэй  шийдвэртэй холбоотойгоор та цагдаагийн байгууллага болон прокурорт гомдол гаргасан байсан. Ямар шатандаа яваа юм бэ?

 

Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, тодорхой хүмүүсээс, надаас гэрчийн мэдүүлэг авсан.Бусад хүмүүсээс ч авч байгаа байх.Би энэ хэргийг цаг алдахгүй, хурдан шуурхай буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдээд өгөөч ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн.

 

 

 

Харамсалтай нь хуулийн хугацаа байдаг юм шиг байна. Их л удаан л ажиллаж байгаа нь харамсалтай.

 

 

ХҮНамын даргаар ажиллаж байсан С.Боргил нь Б.Найдалаад үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй бололтой, тэр хүн байр сууриа илэрхийлсэн зүйл бий юу?

 

С.Боргил Б.Найдалааг Улсын Дээд Шүүх дээр бүртгүүлэнгүүт нь, “Энэ чинь яагаад ингээд бүртгэгдчихэв ээ? Би ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа шүү” гээд Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан байдаг. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ч  бас гомдол гаргасан юм билээ. Одоо ч гэсэн С.Боргил дарга Сонгуулийн Ерөнхий Хороон дээр гомдлоо өгчихсөн байна лээ.Хууль шүүхийн байгууллагууд дээр мэдүүлгээ өгөөд л явж байгаа. 

 

С.Ганбаатар ХҮНамын даргаар ажиллаж байхдаа Т.Доржхандыг Ерөнхий Нарийн Бичгийн Даргаас чөлөөлөх болсон үндэслэл нь таны ярианд дурьдагдсан намын жагсаалтыг зарах тухай л асуудал байсан  уу? эсвэл...

 

Ерөөсөө л лист наймаалцсан явдал. Мөн Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой намын байр сууриа илэрхийлье гэж С.Ганбаатар, С.Боргил дарга нар ярьж байсан. Гэтэл яг тэр үед гэнэт л бужигнуулаад эхэлсэн л дээ, Т.Доржханд, Б.Найдалаа нар.

С.Ганбаатар намаасаа албан ёсоор гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн. Энэ тохиолдолд уг нь С.Боргил л намын дарга хэвээрээ байж байх ёстой. Гэтэл Улсын Дээд Шүүх С.Боргил гэдэг хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нь халдаад, Б.Найдалаа, Т.Доржханд хоёрын бүрдүүлсэн бичиг баримтыг нягтлахгүйгээр Б.Найдалааг бүртгэчихсэн. Үүнээс л бүх зүйл үүдэлтэй.

 

Төгсгөлд нь миний асуугаагүй, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал микрофон нээлттэй байна? 

 

Монгол Улс Улс төрийн намын тухай хуультай, намууд нь дүрэмтэй, тэр дүрмийг нь Улсын Дээд Шүүх бүртгэж авдаг юм бол бүртгэлийнхээ асуудал дээр Монгол Улсын төрийн байгууллагууд анхаараач ээ.

Үзэл бодлоороо нэгдсэн, эвлэлдэн нэгдэх эрхтэй гээд Үндсэн хуулиндаа заачихсан байгаа энэ эрх, эрх чөлөөг нь бүртгэх нэрийдлээр бусниулж, нэг намыг хоёр болгож, намын дарга биш хүнийг албан ёсны намын даргыг нь байсаар байхад бүртгэж битгий будилаан үүсгээч ээ. Энэ бол Улсын Дээд Шүүх болон Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай салшгүй холбоотой асуудал.

Мэдээж тэдэнд эрх баригч намууд, тухайн үеийн эрх баригчид  нөлөөлсөн байх. Хөдөлмөрийн Үндэсний Намын бүртгэлд магадгүй Ц.Элбэгдорж гуай нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж боддог. Яагаад гэвэл яг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн өмнө буюу түүнийг буухаасаа өмнө л Б.Найдалаа намын даргаар бүртгэгдчихсэн. Иймээс Улс төрийн намын тухай хуулийг яаралтай боловсронгуй болгож, бүртгэлийнх нь асуудлыг нарийвчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

 

 

Баярлалаа.

sonin.mn