Гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, таун хаус барина
2021/06/02
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хүүхэд, залуучуудын театрыг дахин сэргээхээр боллоо. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутагт Соёлын ордны зориулалтаар баригдаж буй барилгад театрын үйл ажиллагаа явуулах юм байна.
Хүүхэд, залуучуудын театрыг ашиглалтад оруулснаар театр орчмын айл өрхүүдийн газрыг чөлөөлж, таун хаус хороолол барихаар төлөвлөснийг Хуульзүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр “Засгийн газрын тогтоолоор Хүүхэд, залуучуудын театрыг дахин сэргээн байгуулах тогтоол гаргасан. Театр Соёлын яаманд харъяалагдана. Уран бүтээлчдийн жилийн тоглолтын зардлыг 2022 оны улсын төсөвт суулгахаар төлөвлөсөн. Анх би энэ тойргоос сонгогдохдоо тойрогтоо соёлын байгууллагатай болох зорилгоор газар чөлөөлөлт хийж, барилгын ажил эхлүүлж байсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлт хийж, Соёлын ордны барилгыг эхлүүлсэн. Барилгын ажил одоогоор 70 хувьтай байна. Нийт төсөв өртөг нь 15.2 тэрбум.
Хүүхэд, залуучуудын театр энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Цаашид театр орчмын айл өрхүүдийн газрыг чөлөөлөх асуудлыг Хотын захиргаатай хамтран хэлэлцэнэ. Гэр хорооллыг орон сууцжуулахад уран бүтээлчид өөрсдөө манлайлал гаргана гэсэн зорилгоор Засгийн газрын тогтоол гарч байгаа юм. Нийслэлийн түгжрэл, утаа бууруулах шат дараатай хийгдэж буй ажлын нэг хэсэг нь Хүүхэд, залуучуудын театр болох юм” хэмээв.
Хүүхэд, залуучуудын театр болох Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутагт баригдаж буй барилгын үйл явцтай Засгийн газрын бүрэлдэхүүн танилцсан юм.