Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дараах шаардлагыг хүргүүллээ.

Уг шаардлагад: "МҮБХ-нд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

 

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг та бүхэн Үндэсний бөхийн Салбар хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

 

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан тус байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны 6 дугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон улсын допингийн эсрэг байгууллагад /WADA- World Anti Doping Agency/ та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн болно" гэжээ.