УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар АН-ын Онц их хурлыг хуралдуулахаар тус намын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга гаргаж буйгаа зарлалаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ тухай:  “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар АН 1990 оноос хойш түүхэндээ хамгийн бага санал авлаа. Тиймээс хоёр хэсэг болж талцаад буй намаа нэгтгэхгүй бол цаашид ч улс төрийн хамгийн бага үзүүлэлттэй байх болно гэдгийг гишүүд дэмжигчид маань хэлж байна.

Улсын Дээд Шүүх намын дотоод эв нэгдлээ хангах хэрэгтэй гэсэн шалтгаанаар АН-ын даргаар бүртгүүлэх гэсэн М.Тулгат, О.Цогтгэрэл нарын бичиг баримтыг буцаасаар байгаа. Иймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, намын удирдлагуудыг нэгтгэх үүднээс 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна. АН-ыг нэг удирдлагатай болгох нь намын ирээдүйд туйлын чухал байна” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: "Эв нэгдэлтэй Ардчилсан Намыг бий болгохын тулд мянга, мянган гишүүдээсээ гарын үсэг авах үйл ажиллагааг эхлүүлж байна. МАН-ын дэмжлэгтэй тамга авах биш нийт гишүүдийнхээ саналыг сонсоё" хэмээсэн юм.